• Дата сэтгүүл зүй:Монголд шинжлэх ухааны нэг төсөлд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

    Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухаанд зарцуулагдах мөнгө нь ДНБ-ий нэг хувьтай тэнцдэг. Манай улсын хувьд 2019 оны байдлаар төсвийн 0.1 хувь буюу 20 орчим тэрбум төгрөгийг шинжлэх ухааны хөгжилд төсөвлөжээ. Шинжлэх ухааны салбар нь үргэлж хөгжиж, шинэчлэгдэж байх шаардлагатай. Тийм ч учраас жил бүр ШУТС-гаас  шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, үйл ажиллагааг тогтмол санхүүжүүлэн, дэмжин ажилладаг. Зөв зарцуулж, шаардлагатай төсөл хөтөлбөрт нь оруулж чадвал ирээдүйд үр өгөөж нь хэд дахин үржигддэг санхүүжилт болох шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт билээ.

    Ингээд нэг төсөлд дунджаар хэдэн төгрөгийн  санхүүжилт ногддог болохыг сүүлийн гурван жилийн мэдээллээс авч үзье. Ингэхэд 2017 онд нэг төсөлд ногдох санхүүжилтийн дүнгээр анагаахын салбар хамгийн өндөр буюу 35.5 сая байжээ. 2019 оны хувьд 31.7 сая төгрөгийн дүнгээр техникийн салбарт тэргүүлж байна.Үүнээс гадна бас нэгэн сонирхолтой баримт нь нэг төсөлд ногдох дундаж санхүүжилтийн дүнгээрээ хамгийн бага болох байгалийн салбарт 2019 онд хамгийн олон буюу 137 төсөл амжилттай хэрэгжжээ.

    Доорх дүрслэлүүд дээр хулганаа гүйлгэж харна уу.

    Салбараас гадна санхүүжилт авч чадсан судалгаа, төслийн ажлыг төрлөөр нь авч үзэх боломжтой. Ингэхэд 2019 онд суурь судалгааны 213, захиалгат 92, инновацийн 54, технологийн 15 туршилт зүгшрүүлэлт, гадаадтай хамтарсан 45 төслүүд тус тус хэрэгжиж, гүйцэтгэлээ ирүүлжээ. Төсөл бүр хэрэгжсэний  дараа ШУТС-гийн  зүгээс санхүүжилтаа хэрхэн зарцуулснаас гадна зөрчил, дутагдлыг илрүүлэх ажлыг хариуцан хийдэг. Төсөл бүрийн эцэст Монгол улсын шинжлэх ухааны салбарт нэгэн бүтээл шинээр мэндэлнэ. Тухайлбал, 2018 онд дууссан суурь судалгааны төрлийн төслийн үр дүнд нийт хэдэн ширхэг шинжлэх ухааны холбогдолтой өгүүлэл, стандарт, мөн оюуны өмчийн бүтээл гарсныг дараахь график дүрслэлээс харах боломжтой.2018 онд санхүүжсэн суурь судалгааны дүнд нийт зургаан оюуны өмчийн бүтээл төрөн гарчээ. Тэдгээрээс дурдвал, гэр хорооллын үнсийг ашиглан шингээгч материалыг гарган авах арга, шарилж ургамлаас биологийн идэвхтэй ургамал гаргаж авах зэрэг нь болно.

     Дээрх тоон мэдээллийг ШУТС-гаас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан-2019” сэтгүүлийн 16  дугаараас авч хэрэглэсэн болно.

    #ШУТСангаас мэдээлж байна

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ