• Цочирдом тоо:ХДХВ-ийн халдвар авсан манай улсын 268 хүний цаана 600 гаруй эрсдэлтэй хүн байгаа

    2019-12-11

    УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, ЭМЯ-тай хамтран “Бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-ын ѳвчлѳлийн ѳнѳѳгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид манай улсад БЗХӨ болон ХДХВ-ын халдвар өндөр байгааг онцолж,цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай гэсэн.

    Манай улсад 2018 онд ДОХ-ын 18 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 268 болж нэмэгджээ. Халдвар авсан иргэдийн цаана 600 гаруй эрсдэлтэй хүмүүс  байгааг албаныхан онцолж байна. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ын халдвар авсан байх боломжтой таван хүн тутмын  гурав нь халдвар авснаа мэддэггүй явж байна гэсэн үг.Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ бол үнэхээр цочирдом тоо юм.

    Ѳнгѳрсѳн оны жилийн эцсийн байдлаар нийт ХДХВ-ын халдвартай  хүмүүсээс 268 тохиолдлыг буюу 38 хувийг илрүүлсэн нь чамлалттай үзүүлэлт гэдэг нь харагдаж байна.
    Доорх хүснэгтээс манай улс дэлхий нийтийн зорилтоос хоцорч явааг харж болохоор байна.

    Гэхдээ 268 гэсэн тоо нь 1992 оноос энэ оны эхний 10 сарын байдлаарх тоо гэдгийг онцлон хэлье. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн ихэнх нь буюу 70 хувь нь  эрэгтэйчүүд байна. Насны ангиллаар авч үзвэл 30-34 нас 60 хувь, 20-29 насныхан 51 хувийг эзэлж байна.

    Оношлогдсоноос хойш 12 сарын дотор нас барсан хүмүүсийн судалгааг харвал,

    • 2015 онд 1
    • 2016 онд 3
    • 2017 онд 4
    • 2018 онд 1
    • 2019 онд 0 гэсэн мэдээлэл байна.

    Өнөөдрийн байдлаар халдвартай 17 эхээс 25 хүүхэд ХДХВ-ын халдваргүй төрж, халдвартай хоёр жирэмсэн эмэгтэй хяналтад байгаа аж.

    ЭМЯ-наас өнгөрсөн долдугаар сард тэмбүүтэй дайн зарлаж, тэмбүүг устгах аяныг эхлүүлсэн. Уг аяны хүрээнд тэмбүүгийн илрүүлэлт сайжирсан гэх мэдээллийг албаныхан өгч байна.

    Өнгөрсөн онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 16 мянган тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тэмбүү өвчний 6130 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 507 тохиолдлоор буурсан байна. Түүнчлэн тэмбүүтэй 49 хүүхэд төрснөөс 11 нь нас барж, 14 нь амьгүй төржээ.

    • 49 эхийн 38 хувь нь жирэмсний хяналтад огт хамрагдаагүй
    • 61 хувь нь хяналтад хамрагдсан гэхдээ тэмбүүгийн шинжилгээг хожуу эсвэл нэг удаа хийлгэсэн нь 58 хувь байна.

    Ганцхан энэ тоон баримтаас харахад БЗДХ анхаарал татсан асуудал хэвээр байгаагийн тод илрэл юм.

    Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар  тэмбүүгийн үзлэг шинжилгээг бүх аймагт зохион байгуулж, 180 мянга гаруй иргэн хамрагдсанаас 2308 шинэ тохиодлыг илрүүлжээ.

    Харин сайн дураар БЗДХ-ын кабинетэд шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж улсын хэмжээнд 73 мянган иргэн үйлчлүүлснээс 2000 гаруй тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн байна. Нийт шинээр илрүүлсэн 4000 гаруй тохиолдлын 61 хувийг бүрэн эмчилжээ.

    Тиймээс цаашид,

    • орон нутгийн засаг захиргаа, салбар хоорондын хамтын ажиллагаа, хувь хүний харицлагыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
    • салбар бүрт ажлын байран дахь БЗДХ, ХДХВ, ДОХ,сүрьеэ гепатитын вирусын халдвар илрүүлэх цогц үзлэг шинжилгээг зохион байгуулж хэвшүүлэх
    • ХДХВ-ийн халдварыг илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн тоог нэмэгдүүлэх,  халдвартай амьдарч буй хүний хувийг 90 хувьд хүргэх үэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

    НҮБ-ын санаачлагаар 2002 онд байгуулагдсан “Глобал” сан нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалт өндөртэй бага дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.  Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 100 гаруй оронд нийт 41 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, 27 сая хүний амь насыг аварсан байна. Харин манай улсад ХДХВ-ийн халдварын тархалтыг бага төвшинд тогтоон барихад тус сангийн дэмжлэг чухал үүрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ