• 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага дөрвөөс их орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой

    2019-12-11

    Манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн хөдөлмөрийн насны 73.2 мянган иргэн ажил хөдөлмөр, эрхэлж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд гаргасан байдаг. Үлдсэн нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний  ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн заалт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай,  Хөдөлмөрийн тухай хууль болон  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулиудад туссан байдаг.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд

    • Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглодог.

    Мөн хуулийн 79 дүгээр зүйлд

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар

    • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
    • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
    • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
    • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
    • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
    • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх зэргийг хориглосон байдаг.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажил хөдөлмөрлөх эрхлэх эрхийг нь ийн хуульчилсан  байхад ажил олгогч ялгаварлан гадуурхаж, ажилд авахаас татгалзаж болохгүй. Хэрэв “бэрхшээлтэй” гэдэг байдлаар ажилд авахаас татгалзсан бол:

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг юм.

    Харин аж ахуйн нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авбал урамшуулал авна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгодог.

    Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулдаг.

    Тухайн аж ахиуйн нэгж, байгууллага 25, түүнээс дээш ажилтантай бол албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах ёстой. Хэрэв заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн  ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

    Энэ төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулдаг байна.

    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛД ОРОХОД БУСДЫН  АДИЛ ТЭГШ ЭРХТЭЙ ОРОЛЦОХ ЁСТОЙ 

    Энэ эрхийг нь  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь байдлаар заасан байдаг.

    • хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.

    Нэг нь эрхээ мэдэж, нөгөөх нь үүргээ ухамсарлабал дээрь дурдсан ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 70 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын адил нийгмийн харилцаанд оролцож, хамт олонтой болох, хөгжиж дэвших, сурч боловсрох боломж дүүрэн байна. Гагцхүү хуулиар олгосон  эрхээ бүрэн дүүрэн ашигладаг, мэддэг байх нь чухал юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ