Москва хотын даргаар 18 жил ажилласан Юрий Лужков 83 насандаа таалал төгсчээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга асан Юрий Лужков 83 насандаа таалал төгссөн тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээллээ.

Ю.Лужков нь Москва хотыг 18 жил удирдахдаа олон тооны бүтээн байгуулалтын төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн гавьяатай. Ооросын нийслэлийн одоогийн шинэ өнгө төрх түүнтэй саошгүй холбоотой. Бас авлигын дуулианд холбогдож, ОХУ-ын ерөнхийлөгч болох хүний нэгд тооцогддог байлаа.

Москва хотын өнгө төрхийг өөрчлөх төслүүдэд хөрөнгө босгож, гүйцэтгэлийг нь долоо хоног бүр биечлэн шалгаж, асуудлуудыг нь түргэн шуурхай шийдвэрлэдэг байсан гэж хамтрагсад нь Лужковыг магтаж ирсэн.

Лужковыг хотын захирагч байх хугацаанд түүний эхнэр Елена Батурина барилгын бизнес эрхэлж, Оросын хамгийн баян эмэгтэйгээр тодорсоор ирсэн нь ч хардлага дагуулсаар ирсэн.

1999 онд Оросын хамгийн нөлөө бүхий улс төрч байсан түүнийг Борис Ельцинийг залгамжлах хүн гэж олон хүн үздэг байлаа. Путиныг ерөнхийлөгч болсны дараа Лужков дахин 10 жил Москва хотыг удирдсан ч 2010 онд тухайн үеийн ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй таарамжгүй байснаас ажлаа өгсөн билээ.

Юрий Лужковт итгэл үзүүлэх боломжгүй болсон гэсэн шалтгаанаар Медведев түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Сүүлийн жилүүдэд Лужков нам гүм амьдарч, үе үе одоогийн эрх баригчдыг шүүмжилсэн мэдэгдэл хийдэг байв.

Лужков өчигдөр Германы Мюнхен хотод зүрхний хагалгаанд орж байхдаа нас баржээ. Москва хотын захирагч Сергей Собянин түүнийг “эрч хүчтэй, амьдралд хайртай хүн” байсныг дурсаад “Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах хүнд хэцүү цаг үед Москва хотын төлөө их зүйл хийсэн хүн” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэлийн мэдэгдэлдээ Лужковыг “онцгой хувь хүн, хот байгуулалтын жинхэнэ мастер, зоригтой улс төрч, эрч хүчтэй, авьяаслаг удирдагч” байсныг хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ