
Финланд улсын эмэгтэй улс төрч болох Санна Марин хамгийн залуудаа Ерөнхий сайдаар томилогдон ажиллахаар боллоо. Өдгөө Зам,тээврийн сайдын үүргийг гүйцэтгэж буй 34 настай тэрээр өнөөдөр тангаргаа өргөснөөр албан ёсоор дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болох юм. Reuters агентлагийн мэдээлснээр өнгөрөгч ням гарагт Нийгмийн Ардчилал намын гишүүдийн дунд болсон санал хураалтад үнэмлэхүй ялалт байгуулснаар экс Ерөнхий сайд Анти Риннегийн оронд албан тушаалыг нь хашхаар болжээ.
Анти Ринне нь түншлэгч нам болох Төв намын зүгээс түүнийг шуудангийн ажилчдын ажил хаялтыг хяналтандаа авч чадаагүйд нь найдвар алдарсан хэмээсний дараа огцорсон юм.
Шинэ ерөнхий сайд Санна Марин хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр “Намуудын үзүүлэх итгэлийг дахин бий болгохын тулд маш их хийх ажил байна. Надад өөрийнхөө нас, хүйсийг бодсон үе байгаагүй, би ямагт улс төрд орсон шалтгаан, ялангуяа сонгогчдын надад үзүүлсэн итгэлийг бодож явдаг” хэмээжээ.
Тэрээр анх 27 настайдаа өөрийн төрж, өссөн Тампере хотынхоо зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан туршлагатай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй