Оросууд Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-т орох эрхээ хасуулсандаа ууртай байна

Швейцарын Лозанна хотод болсон  Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага (WADA)-ын удирдах зөвлөлийн хурлаас Оросууд энэ оны эхээр мөрдөн байцаалтын явцад тамирчдынхаа сэргээш хэрэглэсэн талаарх лабораторийн шинжилгээг хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж ирэх дөрвөн жилийн хугацаанд дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээнд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг гаргалаа. Дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн гэдэгт ирэх зун буюу 2020 оны Токиогийн Олимп, өвлийн олимпоос гадна 2022 онд Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-т зэрэг багтана.

Ийнхүү Орос улс ирэх дөрвөн жилийн хугацаанд зун, өвлийн Олимпийн наадмууд, хөлбөмбөгийн ДАШТ-т оролцох эрхгүй болсон боловч шаардлага хангасан тамирчид нь эх орныхоо далбаан дор бус, олимпын далбаан дор оролцох боломжтой юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин тус шийдвэрийг ууртай  хүлээн авч, тус шийдвэрийг улс төрийн зорилготой гэж шүүмжилснээс гадна  “Оросын Олимпийн хороог шүүмжлэх шалтгаан байхгүй, манай улс өөрийнхөө далбаан дор оролцох ёстой” гэжээ. Тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мөн адил хоригийг улс төрийн зорилготой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Медведев “Энэ бол аль хэдийн архагшсан Оросын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг нь” хэмээжээ. Мөн Оросын парламентын доод танхимын гишүүд WADA-гийн шийдвэрийн хариуд хатуу арга хэмжээ авах шаардлагыг засгийн газартаа тавиад байгаа юм.

Хоригоор мөн Оросын засгийн газрын албан тушаалтнууд спортын төрлийн томоохон арга хэмжээнүүдэд оролцох, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах эрхээ хасуулжээ. Энэ талаар Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага (WADA)-ын Ерөнхийлөгч Крейг Рэди “Хэтэрхий удаан хугацааны турш Оросуудын сэргээш цэвэр спортыг үнэгүйдүүллээ” хэмээжээ.

Энэ удаагийн хориг нь Euro 2020-нд хамаарахгүй ажээ.

Эх сурвалж: afp

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ