
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Шилэн нам” Авлигын эсрэг түншлэл, АТГ, Транспэрэнси Интернэшнл-Монгол байгууллагаас хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс
- 2015 онд 39 оноогоор 72
- 2016 онд 38 оноогоор 87
- 2017 онд 36 оноогоор 103 дугаарт жагсаж гурван жилийн хугацаанд 31 байраар ухарчээ.
Манай улсад авлига ямар төвшинд байгаа талаарх судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь өдөр тутамд тохиолддог энгийн зүйл мэтээр хариулж, улс төр, хууль хүчний байгууллага авлигад өртдөг гэж хариулсан байна.
Азийн сан, Сант Марал сантай хамтран 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн авлигын талаарх олон нийтийн мэдлэг тогтоох судалгаагаар улс төрийн намууд авлига их тархсан байгууллагын хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Тэгвэл улс төрийн хүрээний авлига эдийн засгийн өсөлтийг хүртээмжгүй болгож, иргэдийн дунд ядуурал , ажилгүйдлийг бий болгодог хор уршигтай. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай асуудал олон жил яригдсан ч өнөөг хүртэл аль нам хэчнээн төгрөгийн татвар, хандив авдаг мэдээлэл иргэдэд хаалттай байсаар байгаа.
Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр гишүүдийн татвар, хандив, өөрийн үйл ажиллагааны орлого төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгээс бүрддэг.
Гишүүний татвар: Энэ төрлийн орлого нь улс төрийн намын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр болдог. Татвар нь гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, оролцооны илэрхийлэл болдгоороо үнэ цэнэтэй.
Өөрөөр хэлбэл, татвар төлөлт нь оролцооны баталгаа болж өгнө. Татвараа төлсөн гишүүд намын шат шатны төвшинд шийдвэр гаргахад оролцож, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх эрхээ олж авдаг.
Татвар нь намын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад нөлөөлнө:Гишүүдийн татвар төлөлт сайжрах тусам намын санхүүжилт хэн нэгэн эсвэл бүлгийн мөнгөнөөс хамаарах хамаарал багасна.
Хандив:Улс төрийн намын санхүүжилтийн дараагийн эх үүсвэр нь хандив. Хандив нь иргэдийн улс төрийн оролцооны илэрхийлэл болдог. Энэ нь тухайн нам хөгжлийн бодлогоо сонгогчдод таниулж дэмжлэг авах, сонгогчийн итгэлийг татах, засаглалыг хариуцлагатай хэрэгжүүлэх улс төрийн хүчин болоход дэмжлэг болдог.
Олон хүнээс бага хэмжээний хандив цуглуулж байвал олон нийтийн дэмжлэгийг татаж байгаагийн илрэл төдийгүй намын санхүүжилтийн хараат бус байдлыг хангах баталгаа нь болдог.
Улс төрийн намын тухай хуульд мөнгөн хандивын хэмжээг хуулийн этгээдээс 10 сая, иргэнээс 1 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан. Ингэхдээ жилд хоёроос дээш удаа өгөхийг хориглосон байдаг. Улс төрийн намууд хандив болон хэн хандивласныг жил бүр зарлах ёстой гэсэн хуулийн заалт хэрэгждэггүй.
Улс төрийн намын хөрөнгө орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна гэсэн заалт шинэчилж баталсан Үндсэн хуульд орсон. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуулийн заалтад нийцүүлж, санхүүжилттэй холбоотой тодорхой заалт орно гэсэн хүлээлт бий болоод байгаа билээ.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн нэг зорилго нь “Шилэн нам” Авлигын эсрэг түншлэлд нэгдсэн МАН, АН, МАНХ зэрэг намуудын амлалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох байв.
АН, МАНХ–ын эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэл өгөх ёстой байсан ч өөр арга хэмжээ давхацсан учир ирээгүй юм.
МАН–ын авлигын эсрэг болон санхүүжилтээ ил тод байлгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Т.Бүдээхүү болон Стратеги академийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг нар өгсөн.
МАН ил тод байх, авлигаас ангид байхад анхаарч буй бодлогыг тоймлон хүргэе.
- Намын гишүүдийг чадавхжуулах нь тус намын нэгдүгээрт тавигдах шинэчлэлийн зорилго. Намын гишүүд мэдлэг боловсролтой байснаар нам шинэчлэгдэх үйл явц илүү бодитоор явна, нам дотор эрүүл өрсөлдөөн бий болох, хяналт тэнцвэр сайжирна.
- МАН улс төрийн намуудаас анх удаа цахим нам болох ажлыг 2008 онд эхлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Ингэснээр намын дотоод харилцаа холбоо, үйл ажиллагаагаа цахимаар явуулах боломж бүрдэж,гишүүдтэйгээ нээлттэй харилцах боломж нээгдсэн.
- Намын гишүүний хандив, татвар зэрэг санхүүжилттэй холбоотой асуудлыг цахимаар дамжин харах боломж бий болсон. Намын санхүүжилт цөөн хэдэн хүнээс бус аль болох олон эх сурвалжаас бүрдэж байж олон хүний хяналт дор орно. Тэр утгаараа намын цахим системээр тухайн гишүүн татвараа төлсөн эсэхийг харах боломжтой болсон.
- МАН–ын намын дотоод хяналтыг өнгөрсөн хугацаанд өндөр төвшинд хэрэгжүүлж ирсэн уламжлалтай нам. Тухайлбал, 1925 онд МАН–ын Хяналтын ерөнхий хороо байгуулагдаж байжээ. Намын дотоод санхүүжилт болон намаас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйд хяналт тавьдаг. Жил бүр намын Хяналтын хороо нь гишүүдээс ирсэн гомдол санал, намын дүрмийн хэрэгжилт, гишүүдийн ёс зүйн алдаа зөрчил зэрэгт аудит хийж, намын бага хуралдаа мэдээлдэг. Шаардлагатай үед Удирдах зөвлөлд мэдээлнэ.
- МАН–ын баримталж буй гол зарчим нь “ямар нэгэн байдлаар улс төрийн авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй” гэдэг заалт бодитоор хэрэгжиж байгаа гэв.
- Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас түдгэлзүүлэх эрхийг Хяналтын ерөнхий хороонд өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй