Ш.Анхмаа:”Сургуулийн автобус” төсөл нь нийслэлийн жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт,төсөвлөлтийн нэг жишээ

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Засаг даргын ивээл дор “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган болж өнгөрлөө. Чуулганд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны  тэргүүн С.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Жендэрийн салбар зөвлөлийн дарга Ш.Анхмаа болон  эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд, нийслэлийн 140 сургуулийн захирлууд, 160 гаруй хороон Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцлоо.

2017 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд биеэ даасан жендэрийн бодлогын баримт бичигтэй болох ажил эхэлжээ. Энэхүү том ажлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа удирдан,  Ерөнхийлөгчийн жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Энхбаяр нар мэргэжил зүйн арга, зөвлөмж өгч ажиллаж  байгаа аж. “Нийслэлийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн төсөл нь одоогоор олон нийтээс санал авах шатандаа явж байгаа бөгөөд нийт хоёр үе шаттайгаар 2020-2025 таван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

Жендэрийн тэгш байдал, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт гэж юу вэ?

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа “Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” сэдэвт илтгэл тавихдаа  “Жендэрийн мэдрэмжтэй гэхээр хэдэн хүүхнүүд эмэгтэйчүүдийнхээ л асуудлыг яриад байна гэж ойлгодог. Гэтэл энэ бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд бүгдэнд нь хүртээмжийг тэгш байлгахыг хэлнэ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд жендерийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг бүрдүүлсэн байх ёстой” хэмээн онцолсон.

Тэрээр илтгэлдээ Австри улсын жендэрийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг жишээ болгон татав. Австри улсын нэгэн хотод бусад бүх улсын адил төв замынхаа цасыг эхэлж арилгадаг байжээ. Харин нэгэн судалгааны дүнд хальтиргааны улмаас хамгийн их осол гардаг, хүмүүс бэртэж гэмтдэг байршил нь сургууль, цэцэрлэг рүү явах зам байжээ. Судалгааны дүнд үндэслэн хотынх нь захиргаанаас өдөрт хамгийн эхлээд төв зам бус эцэг, эхчүүд , хүүхдүүд хамгийн ихээр зорчдог сургууль цэцэрлэг рүү явдаг замын цасыг цэвэрлэх болсон байна Click To Tweet

Ш.Анхмаа: Маш энгийн. Хамгийн эхлээд судалгаа, нотолгоо баримт хэрэгтэй. Дараа нь харин түүнд тохирсон зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Ш.Анхмаа илтгэлдээ, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийн чиглэлээр 30 жилийн туршлагатай Вена хотын 2005 онд захиргааныхаа үйл ажиллагаанд тусгасан 5 зарчмыг дурдлаа.Эдгээр нь:

  1. Жендэрийн мэдрэмжтэй үг хэллэг хэрэглэх
  2. Хүйсээр ангилсан тоон мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх
  3. Эрэгтэй,эмэгтэй хүмүүст үйлчилгээ хүртэх тэгш боломжийг олгох
  4. Шийдвэр гаргах төвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах
Вена хотын удирдлагын 57 хувь нь, НИТХ-ын 37 хувь нь эмэгтэйчүүд.Харин манай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүний тавны нэг нь, НИТХ-ын 20 хувь нь, УИХ-ын 11 хувь нь эмэгтэйчүүд. Click To Tweet
  1. Бодлого боловсруулах хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг нэвтрүүлэх

Олон нийтээс  санал авах шатандаа явж буй “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төсөл” нь дээр дурдсан хоёр дахь зарчмын дагуу хүйсээр ангилсан тоон мэдээлэл, түүний дүн шинжилгээнд суурилагдан боловсруулагджээ.

Тухайлбал, 2017-2018 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр, Швейцарийн ЭСЯ-ны Хамтын ажиллагааны газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн есөн дүүрэгт нийт 660 орчим төрийн албан хаагч оролцсон жендэрийн тэгш байдлын дүн шинжилгээг хийж гүйцэтгэжээ.

Судалгааны явцад гарсан онцлох үр дүн болоод түүнээс гарсан зөвлөмжийг Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх Ш.Солонго танилцууллаа.

Судалгаанаас гарсан онцлох үр дүн болон зөвлөмжүүд:

Онцлох үр дүн-1:Нийслэлийн хувьд эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2-оор бага

Онцлох үр дүн-2: Нас баралтын төвшин эрэгтэйчүүдийн хувьд 60.1, эмэгтэйчүүдийн хувьд 38.9 байна. Эрэгтэйчүүдийн хувьд нас баралтын голлох шалтгаан нь амиа хорлолт.

Онцлох үр дүн-3:Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 52 хувь нь эрэгтэйчүүд байгаагаас 44 хувь нь төрөлхийн, үлдсэн нь өвчнөөр болон осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Онцлох үр дүн-3:Өрхийн эмнэлгийн хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжилтэн, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөхийн өмнө болон дараахь үйлчилгээ байхгүй. Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд эх баригчийн зүгээс зааварчилгаа өгөхөд дохионы хэлмэрч байхгүй,тийм учраас эх, хүүхдийн эндэгдэл гарахад нөлөөлжээ. Click To Tweet

Онцлох үр дүн-4:Улсын эмнэлгүүдийн хувьд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинет, эмч нар байхгүй

Онцлох үр дүн-5:Хөдөлмөрлөлтийн хувьд эрэгтэйчүүд илүү буюу нийт хөдөлмөр эрхлэгчдийн 53 хувь нь эрэгтэйчүүд байх ч ажилгүйдлийн төвшин эрэгтэйчүүдийн хувьд 63.3 байна. Мөн ажил хийх хүсэлгүй хүн амын 70 хувь нь эрэгтэйчүүд.

Онцлох үр дүн-6:Нийслэлийн хэмжээнд өрх толгойлсон 22520 эцэг, эхчүүд байгаагаас 15.5 хувь нь эрэгтэйчүүд үлдсэн 84.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Онцлох үр дүн-7:2017 оны байдлаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 88 хувь нь гэр бүлтэй боловч 50 хувь нь гэр бүлийн баталгаагүй, бүртгэлгүй ажилгүйчүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 56 хувь байна.

Ш.Солонго:Үүнээс эмэгтэйчүүд бүртгүүлж, идэвхтэй ажил хайдаг гэсэн дүгнэлтэд хүрч болно.

Онцлох үр дүн-8:Эдийн засгийн идэвхгүй хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш өндөр буюу 59.9 хувь байна. Хүүхдээ асарч буй хүн амын 95 хувь, гэрийн ажил хийдэг хүн амын 74 хувь нь эмэгтэйчүүд. Click To Tweet

Онцлох үр дүн-9:2017 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 642 иргэн өртсөнөөс 54 хувь нь эхнэр, 5 хувь нь нөхөр, 21 хувь нь хамтран амьдрагч, үлдсэн нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Ш.Солонго: Тэр дундаа, хотын захын гэр хороололд гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн тээврийн газар, нийтийн тээврийн газар, нийтийн тээвэрт охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Онцлох үр дүн-10: Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар хотын эмэгтэйчүүд мэдлэг өндөр байгаа боловч хэрэглээний төвшин муу байгаа урвуу хамааралтай байна.

Илтгэгч Ш.Солонгын илтгэлд дурдагдсан бусад  зөвлөмжүүд: 

Зөвлөмж-1:Улсын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн дагнасан үйлчилгээ үзүүлэх болон тухайн асуудлаар мэргэшсэн, дагнасан хувийн эмнэлгүүдэд ЭМД-аар хөнгөлөлттэй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх

Зөвлөмж-2:Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нас баралтын шалтгаан болон зонхилох өвчлөл болон хорт зан үйлийг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөртэй уялдуулах

Зөвлөмж-3:Эрэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх, тэдэнд тогтсон жендерийн хэвшмэл үзлийг арилгах, хорт зан зүйлийг бууруулахад чиглэсэн тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Зөвлөмж-4:Жендэрийн сургалт, сурталчилгаа, ялангуяа жендэрийн мэдрэмж, хэвшмэл хандлага, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаар сургалтуудыг үе шаттай, буюу бүх нэгжид хийх, төсвийг жендэрийн мэдрэмжтэй боловсруулах

Зөвлөмж-5: Хот төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох буюу хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, ХБИ-ийн асуудлыг анхаарч боловсруулах. Томоохон худалдааны газруудад хүүхэд саатуулах,хооллох, хуурайлах газруудтай болох, хүйтэн өвөлтэй учраас дасгалын төхөөрөмжүүдийг гадаа биш дотор байрлуулах

Тоон баримт, судалгаанаас гадна жендэрийн бодлогын болоод үр нөлөөллийн баримт бичгүүдэд дүн шинжилгээг ч мөн адил хийжээ. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт, Тогтвортой хөгжлийн зорилтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зураглал төсөл зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд, мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр зэрэг Жендэрийн үр нөлөө бүхий баримтуудад дүн шинжилгээ хийжээ.

Баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээний талаар Ш.Солонго “Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.8-д  Гэр бүлд зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, гэр бүлийн боловсрол олгох, зан үйл засах, эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга эзэмшүүлэх сургалтын  тогтолцоог төр, хувийн хэвшлийн оролцоотой бүрдүүлнэ гэж заасан нь гэр бүлийн хүчирхийлэлд гол өртөгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, эсэргээрээ эрэгтэйчүүдийн зан үйлд өөрчлөлт оруулж урьдчилан сэргийлэх  зорилтууд багтсан гэж дүгнэсэн” хэмээн тайлбарлалаа.

Улаанбаатар хотод жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт болон төсөвлөлт хийгдэж байсан уу?

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа Улаанбаатар хотын жишээнээс танилцууллаа.

  1. 2017 оноос хойш 20 эмнэлгийн гадна талыг саравч, автомашины зогсоол, ногоон байгууламжтай болгож тохижуулснаас ГССҮЭ, Эх нялхас , ХӨСҮТ гэсэн гурван эмнэлэг яаралтай тусламж хэрэгтэй өвчтөнүүдийг  нисдэг тэргээр хүргэдэг болсон.
  2. Энэ жилээс эхлэн хэрэгжиж буй “Сургуулийн автобус” төсөлд нийслэлийн төсвөөс 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашид хүүхэд бүр автобусанд суухад зүүсэн бугуйвчаар нь чип уншуулж, эцэг, эхэд нь суусан, буусан цагийн мэдээлэл очдог болгохоор ажиллаж байна. Утасны аппликейшнаар дамжуулан мэдээлэл очдог болно. Одоогоор 33 чиглэлд нийт 40 автобус ажиллаж байна.
  3. Налайх дүүрэгт хэрэгжсэн “Охидын ариун цэврийн төсөл” хэрэгжиж нэр бүхий сургуулиудын дотуур байр, хичээлийн байранд ариун цэврийн цаас, гар ариутгагч, ариун цэврийн хэрэглэл, өдөр тутмын ариун цэврийн хэрэгслүүдийг байршуулсан.

Ш.Анхмаа:Хот бол машин, байшинд биш хүнд л зориулагдсан байх ёстой. Эмэгтэйчүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд , хүүхэд, настангуудад, эрэгтэйчүүдэд зориулагдсан байх ёстой.

Цаашид  “Нийслэлийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр” батлагдаж, албан ёсоор хэрэгжиж эхэлснээр хүн төвтэй буюу хөгшид, эмэгтэйчүүд, хүүхэд, эрэгтэйчүүд гээд бүгдэнд нь адил хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт,төсөвлөлттэй хот болох ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ