• Д.Тулга:Арсланг бэлгэдэн дүрслэхдээ шинж чанараар нь дүрийг зөв илэрхийлэхгүй бол мануухайн дүр үүснэ

    Монголын сүм хийдийн үүдэнд дүрсэлсэн байдаг баримал арслан орчин цагт байгууллагын үүдэнд ч харагдах болсон. Бурхан шашны номонд арслан маш нарийн утга, бэлгэдлийг агуулдаг. Гэвч бүтээгдсэн арслангууд нь үндсэн дүр, цаашлаад утга агуулгаа алдах болсон талаар судлаачид хэлэх болсон билээ. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны Дээд сургуулийн Урлах ухааны багш, докторант Д.Тулгатай ярилцлаа.

    -Арслан гэгч амьтан Монгол ахуйд их ойр. Арслантай авдар гэж бий. Цаашлаад арслангаар дүрсэлсэн олон зүйл байдаг. Бурхны номонд арсланг дүрсэлсэн мөн чанар, утга нь юу вэ. Бодит арслангаас өөр байдаг шүү дээ?

    -Арслантай авдар гэж дуу хүртэл бий. Монголын ард түмэн нарийн нандин эд зүйлсээ арслантай авдарт хадгалдаг. Сүүлийн үед ч том жижиг гэлтгүй арслантай авдарыг гэртээ залах болсон.  Гагцхүү буруу дүртэй арслан  дүрсэлбэл утга чанараа илэрхийлж, сахин хамгаалагч байж чадах уу гэдгийг тунгаан бодох шаардлагатай санагддаг юм. Буддын шашны сүм хийдийн үүдэнд байршуулсан байдаг баримал арслангийн бэлгэдэл утга, дүрийн шинжээрээ бидний мэдэх бодит арслангаас өөр.

    Цаг хугацааны явцад хэлбэр нь үндсэн хэв, шинж чанараа алдан, хэт халилтай дүрслэгдэж ирсэн.  Өнөө цагт  барилга байгууламж хүртэл үүдэндээ хоёр арсланг дүрслэн байршуулах болсон байна. Хамгийн гол нь  зөв дүрийг бий болгох  ёстой.

    Орчин үед асуудал нь юундаа байна вэ гэхээр нарийн утга, бэлгэ дэмбэрлийг нь мэдэхгүйгээр зөвхөн үүдний манаач аятай  арслангийн дүр бүтээж байгаа нь өнгөц ойлголтоос үүдэлтэй.

    Нохойноос ч долоон дор доожоогүй арсланг хүртэл урлаж байна. Арсланг ямар уламжлалтайгаар бүтээж, дүрсэлж байсан бэ гэдгийг нарийн ухаж ойлговол их утга учиртай. Арслан гэдэг нэр цаанаа хоёр үндсэн дүрээр харагддаг. Нэг нь бидний мэддэг бодит арслан. Нөгөөх нь арслан хэзээ ийм байсан юм бэ гэмээр хийсвэр дүр. Хийсвэрээрээ одоо байдаггүй луу гэдэг амьтантай бараг адил халилтай байна

    Гол нь зөв бэлгэдэн илэрхийлэх нь чухал.  Тэр хүч чадлыг нь яаж илэрхийлж дүрслэх  вэ,  номын утгыг яаж оруулж өгөх вэ гэх  мэт нарийн ойлголттой байх ёстой.  Хэн дуртай нь дураараа дүрсэлчихдэг ч зүйл биш юм. Арсланг бид адгуус амьтан гэж хардаг байхад номонд маш олон утгатай.

    Хамгийн дээд төвшиндөө хүний гэгээрсэн төлөвийг ёгтолж болно. Араатны хаан арслан юм бол хүний хаан ч мөн адил арслан. Хүний хаан буюу хүний арслан хэн юм бэ гэхээр бурхан.
    Дүрслэхдээ бэлгэдэл шинж чанар утгыг нь зөв гаргах хэрэгтэй.

    Жишээ нь, байгууллагаа амжилттай байгаасай, дэвжээсэй гээд хэнд ойлгогдохооргүй, далд утгатай лого зохиодог. Түүнийхээ утга, бэлгэдлийг нь өөрсдөө л мэднэ.  Дөнгөж төрсөн хүүхдэд сайн сайхан, урт нас мэтийг бэлгэдэж нэр хайрладаг.

    Зарим жимсийг харахад л исгэлэн амт мэдрэгддэг эсвэл бүр чихэрлэг шим шүүстэй нь харагдаж бушуухан амталмаар санагддаг. Амтлангууд яг л байдаг.

    Үүнтэй адил төрөх сэтгэгдлийг дүрийн шинж чанартай  яг нийлтэл, утга санаа нь бодсон бодлоор ойлгогдтол илэрхийлэгдэх дүр бүтээх нь чухал юм. Шашинд ийм байх ёстой, буруу хазгай хийж болохгүй нүгэл хэмээн болгоомжилж дэглэж,  хуваарь хязгаар гаргаж өгдөг нь энэ мэт санаа оршсон байдагтай холбоотой юм.

    АРСЛАНГ БҮТЭЭХДЭЭ ХАВ НОХОЙН ШИНЖ ЧАНАРЫГ ТУСГАХГҮЙ  БАЙХ НЬ ЧУХАЛ

    -Сүүлийн үед бүтээгдсэн арслангууд зөв дүрээ алдсан. Үүнээс улбаалаад утга, бэлэг дэмбэрэл нь гээгдсэн гэж яриад байгаа шүү дээ?

    -Тэгэлгүй яахав.  Нарийн яривал 200, 300 жилийн ѳмнѳѳс арсланг зѳв дүрслэх нь алдагдсан гэж хэлж болно. Өмнөхийг нь ч мэдэхгүй юм.

    Манжийн дарлалын үед буруу дүрт арслан дэлгэрүүлэх бодлого явагдаж, хамгаалах сүр хүчийг урвуулах фэнгшү маягийн онол хэрэгжсэн байж болох талтай. Зураг урлалд харьцангуй уран сайхнаар зөв илэрхийлсэн дүрслэлүүд их байдаг ч баримал, чулуун урлалд бол гажуудал түгээмэл байна.

    Нэг жишээ ярихад, Ерөнхийлөгчийн тамга, Засгийн газрын ордны хашаан дотор доороо суурь бүхий дүр бий. Эдгээр дүрүүдийн талаар зөв, буруу гэж сошиалд нэлээн мэтгэлцээн болсон.  Гэтэл эр арслангийн шинж агуулагдаагүй. Зогдор байхгүй. Төрийн тамганы хуульд арслан байна гэчихсэн байдаг. Бүтээгч нь бар хийсэн юмаа гэдэг. Арслан, бар байхдаа гол нь биш. Яг тэр дүр зөв танигдахдаа гол юм. Эмэгтэй хүнийг эрэгтэй гэж хэлж болохгүй биз дээ.

    Хятад дахь МЭ 6-р зуунаас хойш бүтээгдсэн нэгэн хэв маягийн загвартай  арслангуудуудад  харьцангуй   хүч чадлын илэрхийлэл нь байгаа харагддаг. Гэхдээ тэд манай оронд байгаа арслангуудын  дүрслэлээс арай өөр.  Манайх танайх сайн, муу гэж хэлж болохгүй. Бүгд соёлын үнэт өв.  Эртний аятайхан дүрүүд  нь магадгүй Хубилай хааны үеийн   шашин соёл дэлгэрүүлэн хөгжүүлсэн, хааны дэмжлэгээр бүтээсэн цаг үе дэх арслангууд ч байж мэднэ гэж бодож байна.  Арслан болон нохойны ялгамжийг гарган дүрслэх, ялангуяа хав нохойн шинж чанаруудыг тусгахгүй байх нь чухал юм. Заримдаа мэлхий шиг дүртэй арслан ч харагддаг. Хот айл малаа хангайн амьтнаас  хамгаалах гэж мануухай тавьдаг. Түүнийг нь хангайн амьтан хүн байна гэж  хараад дайждаг.

    Үүнтэй адил арслангийн олон утгын нэг нь тухайн барилга байшин  дотор байгаа нарийн нандин эд зүйлийг гадагш гаргалгүй хамгаалах, нөгөө талаас гаднаас ирэх элдэв муу зүйлсийг дотор оруулахгүй хамгаалан сахих үндсэн санаа үүдний арсланд оршдог.

    Энэ ямар амьтан бэ гэхээр арслан гэвэл аан л гэдэг. Яасан сонин дүртэй юм гээд өнгөрөх жишээний. Буруу дүртэй арслан хүмүүсийн сэтгэлд хоногшсон байна.

    Хамгийн наад зах нь арслан урт сүүлтэй, сүүлнийхээ угт саглагар үстэй байдаг. Гэтэл ямар ч урт сүүлний шинж чанаргүйгээр хондлой дээрээ яг хав шиг бондгор үстэй байх жишээний . Сүртэй, хүчтэй харагдахаас илүү хѳѳрхѳн, донжтой, эгдүүтэй харагдах аястай болсон байна. Санаа нь буруу болоод ирэхээр сахин хамгаалах утга, бэлгэдэл ч үгүй болно.

    Баримлан дүрслэлтэй утга агуулгыг нь зөв гаргасан арслан Монголд ховор байна. Монголд байгаа Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, их сургуулиудын үүдэнд байгаа арслан ч бүрэн илэрхийллээ олоогүй гэж хэлж болно.

    Тийм хэдий ч урт хугацаа туулсан ховор эд өлгийн зүйлс талаараа үнэт соёлын өв хэвээр байна. Тэр байтугай  Өндөр гэгээн Занабазарын үед хийгдсэн арслан ч хэлбэр хийц нь яг сүрдмээр утга төгс илэрхийллийг олж чадаагүй байна гэж бодогдсон. Мэдээж сайхан урлалууд байлгүй л яахав. Арсланг бүтээхдээ ийм, ийм шинж чанаруудыг агуулсан ийм утга бэлгэдэлтэй байх ёстой гэсэн мөн  чанарыг нь шингээж ѳгѳх хэрэгтэй. Тэр байтугай өнгө нь хүртэл учиртай.

    ШАШНЫ УТГА БЭЛГЭДЭЛТЭЙ  ДҮРСЛЭЛИЙН НАРИЙН УЧРЫГ МЭДЭЛГҮЙГЭЭР ДУУРАЙЛГАН УРЛАХ  НЬ ӨӨРТ АЮУЛТАЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ

    -Аль нэг байгууллага үүдэндээ арсланг бүтээлгэхдээ бурханы номын цаад нарийн утгыг сайтар мэдсэн урлаачаар, зөв дүртэй арсланг бүтээлгэх ёстой байх нь байна шүү дээ. Тэгэхээр арсланг бүтээж буй тухайн уран бүтээлч нэлээн судалгаа хийх ёстой байх нь ээ?

    Тэгэлгүй яахав. Буруу дүртэй арслан бүтээснээс бодит арсланг бүтээсэн нь хавьгүй дээр. Гэхдээ зүгээр бодит дүр нь ямар ч бэлгэдэлгүй болно. Өөрөөр хэлбэл, чоно үргээх төдий зүгээр нэг адгуус амьтныхаа утгаар үүргээ гүйцэтгэнэ гэсэн үг.

    Далд утгын буюу бидний нүдэнд үл харагдах далд ертөнцийн элдэв хорлолоос хамгаалж чадахгүй. Гадна талын дүрслэл бүхий амьгүй чулуун урлал болох юм.  Амьд юм шиг хийсэн ч тэр.

    Үнэндээ бэлгэдэл утгаар ерөөл биелдэг. Элдэв хорлол ч бидний нүднээс далд хоосон талдаа үйлчлэл нь явагдаж байдаг. Хараал гээд хэлэхэд барьцгүй учир ихэнх нь итгэдэггүйтэй адил ерөөлдөө ч итгэдэггүй. Далд утгыг зөв илэрхийлэлгүй дүр нь дотоод аврал тусыг үзүүлж чадахгүйд гол хэрэг нь оршиж байгаа юм.

    Уг нь тэр байгууллага болон гэрийн эзэн байшин дотор байгаа эд хөрөнгөө хамгаалуулах, гаднаас ирэх муу зүйлийг оруулахгүй сахиулах гэж арслан бүтээлгэх гээд байдаг. Гэтэл хийж байгаа хүн нь буруу дүртэй арслан үйлдвэл энэ утгаа гүйцэтгэж чадахгүйг ч мэдэхгүй. Үндсэндээ бие, биенээ хуурч байгаа явдал. Аяга, сав хоосон дээш харуулж тавибал тоос буртиг, нян бактер үүсдэгтэй адил.

    Шашинд орон байвал эзэн байна гэж үздэгээр ад оршоосон сав бүтээснээ урлаач мэдэлгүй өөрөө ч хорлуулаад, нөгөө хүнийхээ үйлийг сахих байтугай бүр доройтуулж ч болно.

    Иймд урлаачид  мэдэх чадах зүйлээ  мэдэж хийх хэрэгтэй байгаа юм.

     Ялангуяа шашны утга бэлгэдэл бүхий дүрслэл бүгд учиртай тул мэдэлгүйгээр дуурайлган үйлдэх нь өөрт аюултайг санах хэрэгтэй.

    Тиймээс суралцаж  үйлдэх нь чухал байна. Арслангийн дүрийг шашинд цагаан өнгөөр хийж байна. Гэтэл бодит байдалд арслан бор шаргал өнгөтэй биз дээ. Яагаад цагаан өнгөөр хийж байна вэ гэхээр Цаст уулын цагаан арслан гэдэг бодисадваан дүрээр нь дүрсэлдэг. Арсланг цагаан өнгѳѳр дүрсэлсэн дуулал ч байдаг.

    Тэр утгаараа зүгээр нэг амьтан биш арслан эгэлгүй амьтан. Буддын шашинд  утга бүхий мэддэг зүйлс дээр нь зүйрлэж бэлгэдэн ухаан суулгаж сургаал, хүмүүжил, боловсрол  нь явагддаг. Хүн байхаар амьтад айдаггүй юм байна. Амьтанг амьтнаар нь айлган номхотгож, бодуулж, ойлгуулж, өөрийг нь өөрөөр нь  хорлолоос аврах амьтдын хааны дүрээр хувилсан гэсэн үг юм. Нэг айчихсан нохой хүртэл байнга л айж хулгадаг шүү дээ. Айгаад байвал дэврээд дайраад л байдаг.

    Шашны дүрсүүдийн цаад санаа нь юу вэ гэхээр тухайн ойлгодог ухааных нь хэмжээнд тааруулж дүрсийг өнгө, хэлбэрт оруулж байсан нь хамгийн гоё санаа байсан байгаа юм. Шашин дахь бэлгэдэлт амьтдын номын цаад утга, сайн сайхны төлөөх гүн илэрхийлэл нь байхгүй болчихбол зүгээр нэг амьтдын мануухайн дүрийг гүйцэтгэнэ .

    Шашны зурагт арслангийн зогдрыг ногоон эсвэл улбар шараар дүрсэлдэг. Бодит арслан улбар шардуу бор шаргал үстэй. Улбар шар бол зэсэн өнгө. Идэр залуу, ааг омог, сүр хүчийг илэрхийлж арслангийн дэл сүүлийг улбар шар ѳнѳѳр дүрсэлдэг байх нь. Залуу арсланг зэсээр илэрхийлж байна. Тэгвэл зэс хуучирхаараа харлаж ногоордог.  Хөгшин арсланг ногоон өнгөөр дүрсэлдэг байх жишээний. Гэхдээ ногоон өнгөнөөс нь цэрвэж болохгүй.

    Омгийн ахлагч, хүндлэл болсон эцэг, эх арсланг ч зүйрлэж болно. Бурхны шашинд хамгийн чухал нь мөрийн үнэн. Бид зовлонгийн үнэн, бүхэн гарахуйн үнэнг байхгүй болгочих юм бол хорихын үнэн болно. Хорихын үнэнд хүрдэг зам мөр нь бол ганцхан мөрийн үнэн байна. Мөрийн үнэний хамгийн чухал нь үзэхүй мөр байдаг. Үзэхүйн мөрд хоосон чанарыг илт ононо. Тэгээд шүтэн барилдлагыг илт ононо. Тэгвэл энэ хоёрыг л арслантай зүйрлэж байгаа юм. Арслан бүх араатныг айлгадаг. Үүнтэй адил бүх олдмол нисваанисыг дардаг. Хоосон чанарыг илт оносон мөрийг арслан нэн сүртийн самади гэнэ. Тэр хоосон чанарыг олсон мөр л бүх нисваанисыг дарна. Үүнээс илүү ерөндөг гэж байхгүй. Ийм учраас хамгийн гол мөрийг арслантай зүйрлэж байгаа юм.

    Цаст уулын цагаан арслан буюу Бодисадвагийн тухай тайлбарлаж өгнө үү?

    -Арслан араатны хаан, омог бардамнал ихтэй, маш их хаан хүн шиг эрч хүч ихтэй, ихэмсэг, ерөнхийдөө тал, дов толгодоор нутагладаг. Уг нь  цаст ууланд арслан байхгүй. Омог бардам, эрдэм ухааны билэг тэмдэг болдог арсланг бодисадва, дайснаа дарсан, бурханы хөвүүн гэсэн утгаар бэлгэддэг. Бодисадва нарыг Дайснаа дарсан бодисадваан хөвүүн, бодисадва мэлмий нээн болгоогч гэж ярьдаг. Эдгээрийг жалсрай буюу бурханы хөвгүүн ч гэнэ. Тэр нь ялгуусны хөвгүүн, нэг ёсондоо дайснаа дарсны хөвгүүн, сэтгэлийн мууг дарсны хөвгүүн гээд утга ихтэй.

    Түүнтэй адил бодисадва нарыг бурханы арслангууд гэж ярьдаг. Арслангаар төлөөлүүлсэн бодисадва нар нь хэн бэ гэвэл өөрсдийн сэтгэлийн найман түм дөрвөн мянган нисваанисыг номхотгон дарсан, дээдийн бэлгэ бэлгүүнийг олсон байна. Гагцхүү тэд бурхан болж ариусаад орчлон ертөнцөд эргэж төрөхгүй дээш залрах боломжтой боловч, орчлонгийн хамаг амьтдыг эх хүн үрээ хайрладаг шиг энэрэн хайрлаж, тэдний зовлонг нимгэлэхийн тулд амьтны тус үйлдэхээр хорвоод дахин төрж, төрөл авч заларч байгаа бодьгалыг бодисадва хэмээнэ.

    -Бидний мэдэх дөрвөн хүчтэн гэж чухамдаа ямар учиртай юм бол.  Түүнд  арслан бас байдаг. Яагаад энэ дөрөв холбогдох болов?

    -Орчлон ертөнц болон түүн доторх танин баригдах хамаг бодьгалс, байгалийн болон эдийн бүхий л хүрээнд хамааралтай асуудал юм.

    Эдгээрийн  оршин тогтнолын үндэс болсон дөрвөн махбодын ухаан, утга бэлгэдлийг жишин ойлгуулах үүднээс хэн бүхний мэдэх дүрсэнд буулган, урлаг болгон хөгжүүлж, иргэнээ хүмүүжүүлж ирсэн цөөн үндэстний манлайд Монголын ард түмэн багтана.

    Оршин тогтнолын тэнцвэр алдагдвал алдаа эндэгдэл гардаг. Тэр тэнцвэрийн нэгдлийг дөрвөн махбодиор илэрхийлдэг. Бурууг тэгшитгэхийн тулд омог сүрээр дарах гэж хүчтэй догшин дүрэнд буусан дөрвөн махбодыг дөрвөн хүчтэний дүрээр  илэрхийлсэн.

    Гарьд, луу нь тэнгэрийн, арслан, барыг нь газрын амьтад гэж жишихдээ, шороон махбодыг арслангаар, усан махбодыг бараар, гал махбодыг луугаар, хийн махбодыг гарьдаар төлөөлүүлсөн байдаг. Хийморийн санд тодорхой тайлсан арслан, бар, гарьд, луу дөрвөн хүчтэн амьтдын дүрийг анхааран авснаар буруу омгоо номхотгон, зөв эвлэлдэн, зөв оршин тогтнохын бэлгэдэл болгож, угийн шүтэлцээтэй дөрвөн махбод адил зөв шүтэлцэн оршихын бэлгэдэл гэж дүрсэлдэг. Тэдний нэг хэсэг  арслан гэхэд маш их утгыг агуулна.  Эрхэм чухал утгаар нь төр засаг ч бодлогоор арсланг элдэв зүйлд ашиглаж байна. Тэгэхдээ буруу утга гарахаас болгоомжилж  мэргэжлийн хүнээр зөв урлуулах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн тамгыг арслан бариултай байх талаар хуульчилсан. Гэхдээ VIII  Богдын хогийн сав руу хаясан шиг дүрст, арслан дүртэй бариултай тамга байж болохгүй.

    -Арслант ширээ гэж Монголчууд бүгд мэддэг. Ингэж нэрлэж, дүрсэлсэн түүхээс сонирхуулахгүй юу?

    -Манайхан арслант ширээ гэж хэлж заншжээ. Арслант сэнтий ч гэдэг. Уг нь сэнтий гэдэг нь дангаараа арслант ширээ гэсэн үг.

    Энэ нь эгэлгүй дээд номын багш, хутагт хувилгаад, бурхдын дүр, лагшин, сэтгэлийн шүтээн буюу суварга зэргийг дээр нь залдаг  хүндлэлийн суудал юм. Хутагтын найман  мөрийн утгат арслант ширээнд голдоо заан, морь, тогос, шаншан шувуу бүхий бадар угалз нугуудыг дүрсэлсэн байдаг.

    Мөн дарвөн талд нь хоёр, хоёр  нийт найман арсланг дүрсэлдэг ёс бий. Энэ нь найман арслан өргөл хүндлэлээр бурханг хүндлэн өргөсний бэлгэ утгыг илэрхийлдэг. Сэнтийний найман арслан нь хутагтын мөрийн найман гишүүнийг бэлгэднэ.

    Эдгээр хутагтын найман гишүүн нь гүн үзэл, үнэн бодол, үнэн хэл яриа, үнэн үйлийн хязгаар, үнэн амьдрал, үнэн хичээл, үнэн дурьдал, үнэн самади юм. Эдгээр наймыг бясалгасны хүчээр бурхны хутагт хүрдэг учир найман арслангаар өргүүлсэн байна.

    Найман арслан өргөн хүндэлсэн байдаг нь бас л утгатай. Энэ нь урт үлгэр болох тул хойш тавья.

    Эхлээд үнэн үзэлтэй байх ёстой. Үнэн үзлээр явахад зөв бодол төрнө. Зөв бодлын эрхээр зөв яриа гарч ирнэ. Хэл яриа, бодол зөв бол үйл зөв болно. Үйл зөв байвал амьдрал зөв болно. Тэгвэл цааш зөв юманд хичээнэ. Зөв санаа дурьдал төрнө. Зөв самади дадуулга үүснэ. Энэ наймыг сайн төгсгөсний хүчээр бурханы хутаг баттай байна. Сэнтий дөрвөн талтай байдаг нь бурханы дөрвөн аймшиггүйг бэлгэддэг. Бурхан хоосон чанартай гэдгийг айлдахдаа хэнээс ч айхгүй, айдсаа бүрэн дарсан байдаг гэдэг нь бас л арслантай холбогдоод явчихна.

    БУРУУ ДҮРСЭЛСЭН АРСЛАНГИЙН ДҮРТЭЙ НЭГТИЙН ТӨГРӨГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРЧ, МӨНГӨН НЭГЖ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН

    -Манай улсаас өөр ямар улсад арслангийн дүрийг ашиглаж байна вэ?

    Манай улсаас гадна Англи, Канад, Түвд, Хонг-Конг зэрэг олон улс төрийн далбаа болон мөнгөн тэмдэгт зэрэгтээ арслангийн дүрийг ашиглаж байна. Бодит амьтан тул урлагийн бүтээл болгон янз бүрээр бүхий л улс орон чөлөөтэй дүрсэлдэг. Буддын шашны дүрслэх урлал дахь уламжлалт номын утга илэрхийлэл, сүм хийдийн гадна болон орчин үеийн барилгын үүд, цэцэрлэгт хүрээлэн, байгууламжийн хана, хашаа, хөшөө дурсгал зэрэгт арсланг бэлгэдэн дүрсэлж байна.

     -Арсланг буруу дүрслэх нь ямар хор хөнөөлтэй вэ?

    -Арслангийн бодит дүрийн шинжийг алдагдуулж дүрслэн  бүтээх нь ямар хор, хохирол авчирч болох талаар судлаачдын зарим зүйлс үнэний ортой санагддаг.  Тухайлбал, буруу дүрслэлтэй арслангийн дүр бүхий Монгол нэгтийн төгрөг хэрэглэгдэхгүй болж, мөнгөн нэгж чадамжгүй болсон.  Ш. Адьшаа нарын “Монгол бөхийн дүрэм” номонд:

    20 дугаар зуунд хятадууд манжийн хааныг ширээнээс буулгамагц Монгол туурга, тусгаар улс болохдоо орон даяар арслан бариултай бүх тамгыг хогийн сав руу шидэж, оронд нь бүргэд, шонхор, начин, харцага, гарьдийн дүрс бүхий бариултай тамга цутгасан түүхтэй.

    Энэ үйл хэрэгт биечлэн оролцсон VIII  Богдыг 1911 оны арван хоёрдугаар сарын 11-нд шийтгэсэн ар Монголын эрх мэдэлтнүүд тамгыг шинээр сонгох тухай лүндэн гэрчилнэ” гэж тус номонд дурьдсан байдаг.

    Энэ нь төр тусгаар улсын сүр хүчийг ирээдүйд  доройтуулах буруу утга бэлгэдэл  зохиосныг зассан  арга хэмжээ гэж үзэж болохоор байгаа юм. Ардын хувьсгалаас хойш яамд, банкуудаас авахуулаад арсланг үүдэндээ бүтээлгэж хөрөнгөө мануулаагүй газар ховор.   Хүрээ болгон одоогийн Гандантэгчэнлин хийд шиг хос хаваар үүдээ мануулж, хөрөнгөлөг нь авдарныхаа нүүрэн дээр зуруулсан. Хийсвэрлэг мэт бэлгэдэл утгаа бодвол анхаармаар олон чухал Утгач овгийн Ц. Цэрэн-Очир гуайн “Хожмын өр төлөөс хийгээд урьд, урьдын алдас” номонд  дурьдсан байдаг. Мөн арсланг зөв дүрслэн туг далбаандаа залсан улс гүрэн сайн явж, буруу дүрсэлсэн нь ихээхэн хүнд байгааг хүртэл бичсэн байдаг. Арсланг үүдэндээ залж дампуурсан байгууллага, зөв залсан нь  сайн явааг хүртэл жишээ болгон дурьдсан нь  сонирхолтой санагдсан.

    -Зөв дүрслэлийг хаанаас харж болох вэ?

    -Судалгаагаар маш олон арслангийн дүрийн зураг цуглуулсан. Сайн, муу гээд яах вэ. Соёлын өв талаас нь хайрлан хамгаалж, сэргээн засварлаж анхаарал тавих шаардлагатай эртний болон орчин үеийн олон сайхан бүтээл байна.  Арсланг бүтээж байгаа урлаач түүнийг нь харж баясах ард түмэн

    Хийж байгаа урлаач, харж баясах ард түмэн өөр өөрийн нүдээр харж төрсөн сэтгэл нь дотроо л хадгалж  үлдэнэ. Зөв бэлгэдэл бүхий дүрийг өнөө цагт бүтээж урлагийн бүтээл болгох нь урлаачдын ажил хэвээр үлдэж байна. Хэн ч урлаж болно. Гол нь утгыг нь алдуулаагүй номын бэлгэдлийг илэрхийлсэн Монгол арслангийн дүр олон гарна гэдэгт итгэж байна. Би ч гэсэн тэр урлаачдын нэг болохыг хүссэн тул судалгаанд тулгуурлан ээлжит уран бүтээл болгохоор ажиллаж байна. Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны Дээд Сургуулийн үүдэн дэх хос арсланг ирэх онд болох сургуулийн  50 жилийн ойгоор шинэчлэн сайжруулж зална.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ