Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ  сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Айчлалын хүрээнд өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзаж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Орон нутгийн цагаар 16.00 цагт Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзсан юм. Ийнхүү тэд сүүлийн 3 сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.

Уулзалтын үеэр яригдсан олон асуудлууд дундаас хамгийн гол асуудал нь хийн хоолойн төсөл байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр “Гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь гурван улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэв.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэж хэллээ.

Ийнхүү олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг болгож чадаагүй байсан Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойг байгуулах асуудлаар хоёр тал санамж бичиг байгууллаа.

Одоо хоёр талаас судалгааны ажлын хэсгүүд эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг боловсруулах зэрэг ажлуудыг эхлүүлнэ. Хийн хоолойн төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитойгоор оролцох боломж бүрдэхээс гадна манай оронд эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ