• Л.Энх-Амгалангийн холион бантан сонгуулийн тогтолцоог ойлгох гээд үзье:У.Хүрэлсүхэд 500 мянган хүний санал цугларлаа гэж бодъё

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний  санаачлан боловсруулж, өргөн барьсан УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд өчигдөр хэлэлцэхээр дэмжив.

    Гэхдээ төсөл өргөн барьсан Л.Энх-Амгалан гишүүний ярьсанчлан “Тогтолцоо нь мажоритар. Сонгуулийн дүнг гаргах аргачлал нь хувь тэнцүүлэх” гэсэн  сонгуулийн тогтолцоог шүүмжилж, холион бантан болгосон гэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

     УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

    …Нам болгон 26 хүнээ нэр дэвшүүлнэ. Түүнээс хамгийн олон санал авсан эхний 26 хүн гарч ирнэ биз дээ. Жишээлбэл, МАН-аас гарч ирсэн 26 хүний авсан саналын нийлбэрийг тооцоод энэ нам нийт сонгогчийн 50 хувийн саналыг авчээ гэж үзнэ гэсэн үг. Монгол Улс сонгуулийн насны хоёр сая хүнтэй. Үүнээс сонгуулийн ирц 70 хувьтай байна гэж үзвэл сая 600 гаруй хүн санал өгч таарна.

    Эдгээрээс МАН-ын дэвшүүлсэн 26 хүн ард түмнээс хамгийн өндөр санал авсан хүмүүсээ эрэмбэлэхээр нийлбэр дүн гарна биз. Ойролцоогоор нийлбэр санал нь 800 мянга байна гэвэл улсын том тойрогт нэр дэвшсэн нийт хүмүүсийн 13 суудлыг МАН-д хуваарилна гэсэн үг. Ингэхдээ яг авсан саналаар нь эрэмбэлнэ. Хуучнаар иргэд нам дугуйлдаг байсан. Үүний өмнө нам хаалттай жагсаалт гаргаж, хүнээ эрэмбэлж байсан. Одоогийн хувилбараар ард түмэн саналаа өгч хүнээ эрэмбэлэх юм. Үүнд Үндсэн хуулийн зарчим ямар нэгэн байдлаар зөрчигдөх тухай ойлголт огт байхгүй. Улс төрийн намуудад босго тавьж байгаа.

    Нийт сонгогчийн таваас доошгүй хувийн санал авах ёстой гэж үзэж байгаа юм. Ингэж байж УИХ-д суудал хуваарилагдах эрх тухайн улс төрийн намд үүсэх юм” гэжээ.

    Мөн өчигдрийн байнгын хорооны хурал дээр Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуултад хариулахдаа “Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог,  жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно” гэсэн.

    Намыг биш хүнийг нь сонгоно гээд байгаа мөртлөө “МАН-ын дарга У.Хүрэлсүхэд нийт 500 мянган хүний санал цугларлаа гэж бодъё. Дээрээс нь нийт сонгогчийн 50 хувийн саналыг МАН авлаа гэж үзвэл манайд УИХ-ын 13 суудал оногдоно гэсэн үг. Энэ тохиолдолд 13 дахь хүн ердөө мянган хүний санал авсан байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хувь тэнцүүлсэн аргаар тооцож байна шүү дээ. Гэтэл нөгөө намаас нэр дэвшээд хоёр, гурван мянган сонгогчийн санал авсан хүн орж чадахгүй нь гэж яриад байгаа. Хүнээ дугуйлсан мажоритар тогтолцооны аргачлал нь хувь тэнцүүлэх юм. Үүнээс өөр байхгүй” гэж тайлбарлажээ.

    Энэ тайлбараар нь бол хүнийг биш намыг л сонгож байна гэсэн үг мэт. Эсэхүл улс даяар рейтинг өндөртэй улстөрчийн цуглуулсан саналын ачаар жагсаалтад нэрээ бичүүлсэн хэн нэг муу нэр, луу данстай этгээдүүд 1000 эсэхүл огт санал аваагүй байсан ч сонгогдох нь л дээ.

    Нөгөө 2012 оны сонгуулийн дараа Ц.Нямдорж “О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж орж ирсэн” хэмээн баалж байсан. Тэгвэл тогтолцоо энэ хэвээр батлагдвал ирэх сонгуулиар ч иймэрхүү нөхдүүд цөөнгүй тодрох нь. “Зэрэг нэмэхийн өмнөхөн” кинон дээр еэвэнгийн талыг нь идчихээд зайран гуайг тал нь хаана байна гэхээр эргүүлээд энэ гээд байдаг шиг сонгуулийн хуулийн тогтолцоо холимог мажоритар ч юм шиг бас пропорциональ холимог ч юм шиг болоод байна. Нам сонгохгүй, хүн сонгоно гэж байгаа ч эцсийн дүндээ намаас жагсаалтад орох эрх авсан хэзээ ч сонгогдохооргүй болсон этгээд жинхэнэ “оймсоны хавчуурга” болоод ороод ирэх магадлал энэ тогтолцоогоор бий болох нь ээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ