
Монголын нууц товчоог 180 метр урт торгон дээр гараар оёж урлаад 10 гаруй жил болж байгаа Тангадын Сумъяатай ярилцлаа. 180 метр үргэлжилсэн торгыг хуйлаад өргөхөд тав, зургаан залуу л даадаг учраас тэр бүр олон хүнд үзүүлж чаддаггүй гэнэ. Click To Tweet Харин өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон Баянзүрх дүүргийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны чуулганы үеэр авчирч чуулганд оролцогчдод үзүүлж байхтай нь таарсан юм.
“Би энэ бүтээлээ улсдаа л өгөх бодолтой. Өвөр Монголоос худалдаж авах санал ирдэг ч би өгдөггүй.Улсдаа өгнө гэхээр том дарга нарт үзүүлж чадахгүй юм” хэмээн Т.Сумъяа гуай ярилаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Тангадын Сумъяа гэдэг. Сүхбаатар аймгийн уугуул, Улаанбаатар хотын суугуул бөгөөд одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг. “Монголын нууц товчоо”-г 180 метр торгон дээр дан гар аргаар оёж, урласан. Бүтээлд маань зээгэн уран зураг 18, зээгт наамлан зураг 40 орчим багтсан. Click To Tweet“Монголын нууц товчоо” 12 бүлэгтэй. Би бүтээлдээ бүлэг бүрийг 12 жилээр төлөөлүүлж дүрслэн хийсэн. Нэгдүгээр бүлгээ хулгана жилийн бэлэг тэмдэгтэйгээр оруулсан жишээтэй. Бүлэг бүрийн доод талын гарчгийг зүү ороож оёсон бол номынхоо текстийг хонин холбоогоор оёсон. Click To Tweet
-Энэ бүтээлийг анх яагаад хийхээр болов. Хийхэд хэр хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан бэ?
-Анх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийг ойд зориулж бүтээлээ хийж эхэлж байлаа.
Гол нь Чингис хаан гэж агуу хаан, монгол үндэстнийхээ үүх түүхийн талаар ирээдүй, хойч үедээ сурталчлах зорилготой.
Өдөр бүр 13-16 цаг, баярын болон хагас, бүтэн сайны амралтгүйгээр бүтэн хоёр жил оёсон. Хоёр жил оёсон бүтээлээ ажлын найман цагт шилжүүлбэл нийт таван жилийн хөдөлмөр шингэсэн гэж үзэж болно.
Энэ бүтээлийг оёход миний охин Э.Гоомарал маань зурдаг, бичдэг, оёдог учраас миний дэргэд үргэлж байж, суралцаж, хамт бичилцсэн. Хамтарч хийх хүн байсан учраас энэ бүтээл гарсан гэж хэлэх дуртай.
-Нэлээд сайн эдэлгээ даах торго сонгосон уу?
-Торгоны хувьд 40-50 метрийн урттай торгыг тусгайлан Бээжингээс авчирсан. Тэнд тусалсан Өвөрмонгол найзууд бий. Үүнээс гадна миний СУИС-д суралцдаг хүү ерөнхий дизайныг нь хариуцсан. Манай гэр бүл хийсэн гэхээсээ гадна энэ бүтээл бий болоход тусалсан монголчууд байгаа гэдэг нь миний бахархал.
Бүтээл бүтэхэд мэдээж маш их хэмжээний хөрөнгө мөнгө орсон. Үүнд тусалсан дотнын найзууд, “Хурдны зам” компанийн захирал Бат-Энх, Сүхбаатар аймгийн уугуул Буд ах нарыг дурдахад таатай байна.
Анх би ийм бүтээл хийж байгаа гэдгээ найзууд, ойр дотныхондоо харуулахад гайхасхийгээд л өнгөрдөг байсан. Харин бүтээл болсных нь дараа “Хүн хийчихдэг л юм байна” гэж ярьцгааж байсан даа.
-Түүхийн үнэт зүйлийг ингэж сэтгэл шингээн урласан гэхээр та өөрөө түүх судалдаг уу, ямар мэргэжилтэй вэ?
-Миний хувьд 1981 онд Монгол Улсын ганцхан эмэгтэйчүүдийн сургууль болох цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж төгссөн. Тэр сургууль тухайн үедээ маш өгөөжтэй сургууль байсан. Эмэгтэйчүүд тэнд л дуулж, бүжиглэж, оёж шидэж, хөгжимдөж сурч, бүх л талаар хөгжөөд төгсдөг байлаа. Энэ сургуулиас сурч гарсан эрдмийн маань өгөөж юм даа.
-Ер нь ийм бүтээл хийх таны санаа байсан уу?
-Энэ бүтээлийг хийх гол санаа нь миний нөхөр зохиолч, сэтгүүлч Хон Хэрээдийн Энхбатын санаа байсан. Тэр хүний санааг би бүтээл болгосон гэж ойлгож болгоно. Үүн дээрх эх хар зургийг нь бурханч лам Пүрэвбат цаасан дээр гаргаж өгсөн. Харин тэр зургийг нь торгон дээр буулгаж зурах ажлыг миний охин хийсэн.
-Энд тэнд үзэсгэлэнд хэр их тавигдаж байна?
-Ер нь нэлээн олон газраар дэлгэсэн. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар аймгийн 95 жилийн ойгоор, 21 аймгийн зохиолчдын уулзалтан дээр болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд дэлгэгдэж, олныхоо мэлмийг мялаасан.
-Бүтээлээ мөнгөөр үнэлбэл хэдээр үнэлэх боломжтой вэ.Ер нь бодож үзсэн үү, энэ талаар?
-Энэ бүтээлд маань Монголын түүх явж байгаа учраас түүхээ яаж үнэлэхээ ард түмэн маань өөрсдөө мэдэх биз ээ. Миний хувьд үнэлж үнэхээр чадахгүй. Энэ бүтээл манайд 10 гаруй жил хадгалагдаж байна.
Манайд хадгалагдаад үнс, тоосонд даруулаад байж байх нь сонин биш. Сургуулийн хүүхдүүд ч болов гүйж ирж үзээд, ийм түүхтэй хүмүүс юм байна шүү дээ гээд мэдэж аваад гарах хэрэгтэй тийм газар байгаасай гэж боддог. Хоёрдугаарт, гадаад хүмүүс үзээд, Монголын тухай нэг зүйл ч гэсэн ойлгоосой гэж хүсдэг. Улс маань түүхээ мэдэх учраас авах байх л гэсэн найдлагатай явдаг.
-Ер нь худалдаж авах саналууд хүмүүсээс ирж байна уу?
-Яг монголчуудаас тийм санал ирж байгаагүй. Өвөр Монголоос худалдаж авах саналууд бол ирдэг. Өөрөө ганцаараа өргөөд даахгүй учраас мэддэг, том дарга нартаа үзүүлж чадахгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Ямар нэг бүтээлч юм хийхсэн. Үр дүнтэй. 200 М даавуун дээр урласан ном, дэлхийд байхгүй том монгол гутал, 3000 хүний хѳѳмиий, уртын дуу, морин хуур эсвэл улирсан баларсан үеийн хүнд босгосон хѳшѳѳ, дууны хѳшѳѳ, суварга, хэнд хэрэгтэй юм бэ?
Ингэж хэт туйлширч, юм болгоноос дан ганц материаллаг ашиг хонжоо хараад байж болохгүй. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс шүү дээ. Юм юмаа л хийнэ.
уран бичлэг тал болон зөв бичлэгийн талаасаа юу л бол?