Галын аюулаас долоон хүний амийг аварсан эмч, жолооч хоёрыг шагнажээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг  “Хүний төлөө” медалиар өнөөдөр шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө 4:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу тэд долоон минутын дотор тус газарт очжээ.

Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөн оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна.

Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.

Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ