• “Нийгмийн даатгалын сангийн өрийг “Капитал” банкны үндсэн хөрөнгөөр барагдуулах боломжтой”

    Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд тэрээр, “2018 оны арваннэгдүгээр сард сайд болсноосоо хойш нэг ч төгрөгийг нэмж Капитал банкинд хадгалаагүй.Үүсээд буй асуудал  сайд болохоос өмнө нь болсон явдал. Капитал банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл байхгүй” гэдгийг онцоллоо.

    Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг.

    Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө

    • 2012 онд 31.4 тэрбум
    • 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0
    • 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0
    • 2015 онд 238 тэрбум үүнээс хадгаламж нь 185.0
    • 2016 онд 224.1 тэрбум үүнээс хадгаламж нь 180.0
    • 2017 онд 228.1 тэрбум үүнээс хадгаламж нь 20. 0
    • 2018 онд 105.3 тэрбум үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг байна.

    НДЕГ 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй. Харин 2017-2018 онд хугацаа дууссан мөнгөн хадгаламжийн гэрээг сунгалгүй харилцах дансанд шилжүүлжээ.

    Өөрөөр хэлбэл, тус банкинд байсан 79 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан.  Салбар яамны зүгээс гэрээ сунгахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж, мөнгөө буцаан татах зарилгын гүйлгэх төлбөрийн хүсэлтийг  хэд хэдэн удаа тавьсаар дараа оны буюу 2018 оны тавдугаар сарыг хүргэсэн байна. Энэ хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос  Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт  шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт чиглэл өгсөн байна.

    Байнгын хорооноос өгсөн чиглэлд “банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” гэжээ.

    Дээрх чиглэлийн хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч харилцах дансанд шилжүүлсэн 79 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. Ингэхдээ 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах,  хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцож нөхөн авах нөхцөлтэйгөөр гэрээг сунгажээ. Өөрөөр хэлбэл, НДС-ийн мөнгөн хөрөнгийг зарлага хэлбэрээр бус тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн гэсэн үг юм.

    Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр өнгөрсөн тавдугаар сард дампуурлыг нь зарласан Капитал  банкнаас Нийгмийн даатгалын сангийн 105.3 тэрбум төгрөгийг авах ёстой. Энэ асуудлаар Монголбанкны шинэ ерөнхийлөгчтэй уулзахад Капитал банкнаас  авах ёстой Нийгмийн даатгалын сангийн өрийг үндсэн хөрөнгөөр нь барагдуулах боломж байгаа талаар хэлсэн гэх мэдээллийг С.Чинзориг  сайд энэ үеэр өгсөн.

    Гэхдээ өр барагдуулах явц удаан байгаа нь тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байгаа учир хөрөнгийг битүүмжилсэн байгаатай холбоотой.

    Капитал банкны үндсэн хөрөнгөөр Нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулна гэж баярлаж болохгүй. Мэдээж  зах зээлийн үнэлгээ, чанар зэргийг сайтар судлах нь зүйтэй.  Уг судалгааг хийсний үндсэн дээр  үндсэн хөрөнгөөр өр барагдуулах уу үгүй юу гэдэг байр сууриа илэрхийлнэ гэдгийг салбарын сайд С.Чинзориг өгсөн.

    Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг  Монголбанкны үнэт цаас худалдаж авах,Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банкуудад хүүтэй хадгалуулах гэсэн гурван тохиолдолд өсгөж болно гэж хуульчилсан байдаг.

    Засгийн газар сүүлийн хоёр жил дотоодын зах зээлд бонд гаргаагүй учраас Засгийн газрын бонд худалдаж авах боломжгүй. Мөн Монголбанкны үнэт цаасыг худалдаж авч болно гэсэн хуультай боловч Монголбанкнаас гаргасан журамд арилжааны банкууд  үнэт цаас худалдаж авна гэсэн байдгаас үүдэлтэйгээр НДС-ийн чөлөөт үлдэгдлээр  үнэт цаас худалдаж авах боломжгүй.

    Үлдэж байгаа ганц гарц нь арилжааны банкуудад НДС-ийн мөнгөн хөрөнгийг хүүтэй байршуулж, жилд 60-70 тэрбум төгрөгийг хүүгийн ашгаар олдог байсан байна. Тиймээс өндөр хүүгийн араас явахаас илүүтэй НДС-ийн мөнгийг эрсдэлгүй байлгах том сургамжийг Капитал банкнаас аваад байна. Салбарын сайд ч цаашид үүнд анхаарна гэдгээ хэлсэн.

    Одоогийн байдлаар НДС-ийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байгаа бол арилжааны Төрийн болон Хаан банкуудад 400 тэрбум төгрөг байршиж байгаа ажээ. 2 020 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд Засгийн газрын бонд авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авч болно гэсэн заалтыг оруулсан байна. Ингэснээр 300 орчим тэрбум төгрөгөөр Монголбанкны үнэт цаас худалдаж авах боломжтой болох ажээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ