
Татвар шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчийн бүртгүүлэх хүсэлтүүд цахим болж байгаа. Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Жамсранжаваас дараахь асуултад хариулт авлаа.
-Татвар төлөгчийн таван хүсэлт цахим болж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу бусад этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх, Монгол Улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, гадаадын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, Цахим татварын системд нэвтрэх нууц үг дахин авах, аж ахуйн нэгж байгууллага болон иргэн харьяалагдах татварын албаа солих хүсэлт гэсэн таван хүсэлтийг татвар төлөгч өмнө нь цаасан хэлбэрээр харьяа татварын албандаа хандаж бүртгүүлдэг байсан бол татварын шинэчлэлээр дээрх хүсэлтийг цахимаар өгөх боломжтой болсон. Энэ нь татварын алба хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу бусад этгээд, Монгол Улсын иргэн, гадаадын иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ эдгээрийн цахим хүсэлтийг үндэслээд татвар төлөгчөөр бүртгэх цахим үйлчилгээ юм.
Мөн дээрх Цахим татварын системд нэвтрэх нууц үг дахин авах, аж ахуйн нэгж байгууллага болон иргэн харьяалагдах татварын албаа солих хүсэлтийг татвар төлөгчийн ирүүлсэн хүсэлтийг үндэслээд бүртгэлтэй мэдээлэлд өөрчлөлт оруулах цахим үйлчилгээ юм. Татвар төлөгч бүртгүүлэх, нэмэлт өөрчлөлт хийхдээ Цахим татварын системд мэдээллээ баталгаажуулах үүрэгтэй бөгөөд татвар төлөгч өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцдаг. Түүнчлэн татварын алба бусад эрх бүхий (шүүх, прокурор) байгууллагын шийдвэрээр, мөн татварын улсын байцаагчийн олж мэдсэн өөрчлөгдсөн хаягийн мэдээллийг нэмж бүртгэх бөгөөд өөр тохиолдлоор татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх хууль, журмын зохицуулалттай.
-Татвар төлөгч ямар үед хасалт хийлгэх вэ?
-Монгол Улсын иргэний хувьд татварын албанд нэг удаа бүртгүүлсэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй байна. Харин нас барсан болон нас барсанд тооцож татвар төлөх үүрэг дуусгавар болсон нь баримтаар нотлогдсон мөн Монгол Улсын иргэний харьяатаас гарах шийдвэр гарсан тохиолдолд иргэнийг татварын бүртгэлээс хасдаг. Татвар төлөгч хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хасагдах хүсэлт болон холбогдох бичиг баримтаа цахимаар татварын албанд ирүүлж, хүсэлтийн дагуу татвар төлөгчөөс хасах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсон байна. Харин хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болж улсын бүртгэлээс хасагдсаныг үндэслэж татвар төлөгчөөс хасна. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу бусад этгээдийн хувьд уг байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан төрийн болон орон нутгийн байгууллага, гишүүдийн татан буулгах тухай шийдвэр гарсанаар татвар төлөгчөөс хасах хуулийн зохицуулалттай байна. Энэ бүх үйлчилгээ мөн цахимжсан байгаа.
Цахим тайлангийн системд анхаарах зүйл нь татвар төлөгч тогтмол хугацаанд өөрийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд татварын албанд хүсэлтээ өгч өөрчлөлт оруулсны дараа татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах үүрэг хүлээнэ. Баталгаажуулаагүйгээс татварын алба бүртгүүлээгүй гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (зуун тавин мянган төгрөг), хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (нэг сая таван зуун мянган төгрөг) торгож хуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Хуучин татвар төлөгч татварын албандаа өргөдөл гаргаад татвар төлөгчийн гэрчилгээ гартал явдаг ажиллагаа ихтэй байсан бол одоо бүртгүүлэх үйл ажиллагаагаа цахимаар хийгээд түүнийгээ баталгаажуулан татвар төлөгчөөр бүртгүүлдэг. Дахин хэлэхэд Цахим татварын системд Бүртгэлээ баталгаажуулах гэдэг товчоо дарахгүйгээс болоод татвар төлөгч бүртгүүлсэн гэж андуурч хугацаа алдаж торгуульд унах асуудал гарах эрсдэлтэй шүү гэдгийг сануулж хэлье. Тиймээс аж ахуйн нэгж тухай бүртээ мэдээллээ баталгаажуулаад явах зайлшгүй шаардлагатай байна.
-Татвар төлөгч цахим татварын системд нэвтрээд бүртгүүлэх явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэдэг аж ахуйн нэгж нь заавал цахимаар хүсэлт илгээхгүйгээр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гар утас, цахим и-мэйл хаягт нь цахим татварын систем (e-tax.mta.mn)-д нэврэх нэр, нууц үг мессежээр очно. Энэ нэврэх нэр, нууц үгээрээ Цахим татварын систем (e-tax.mta.mn)-д нэвтрэн орж миний мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ баталгаажуулаад татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Харин хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгддэггүй бусад байгууллагууд татварын албаны Цахим татварын систем (e-tax.mta.mn)-д хандаж бусад этгээд бүртгүүлэх цонхоор татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.
Үүний дараа татварын байцаагч хүсэлтийг судлаж хариу өгч цахим татварын систем (e-tax.mta.mn)-д нэвтрэн нэр, нууц үг ирсний дараа хүсэлт илгээсэн этгээд системд нэврэн ороод өөрийн бүртгэлийн мэдээллээ үнэн зөв бүртгэж оруулаад мэдээллээ баталгаажуулан татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Иргэн бол Монгол Улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх гэдэг цонхийг сонгож бүртгүүлэх хүсэлтээ илгээж бүртгүүлнэ. Иргэн хүсэлтээ гаргангуут татварын алба татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг нь харьяалагдах татварын албанд цахимаар ирж татварын байцаагч мэдээллийг шалгаж бүртгэх ажлыг хийнэ. Гадаадын иргэн бол Гадаадын иргэн харьяатын газарт бүртгүүлсэн оршин сууж буй үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтаа хавсаргаж бүртгүүлэх хүсэлтээ илгээж бүртгүүлнэ. Үүний дараа мөн татварын байцаагч цахимд үзээд бичиг баримт бүрэн байвал татвар төлөгчөөр бүртгэж авна. Холбогдох бичиг баримтыг харьяалагдах татварын албаны байцаагч хянаж үзээд цахимаар татвар төлөгчөөр бүртгэж авах юм.
-Нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд яах вэ?
-Татвар төлөгч иргэн татварын албанд бүртгүүлчхээд жилд нэг удаа тайлан өгдөг байх тул нэвтрэх нэр, нууц үгээ мартах тохиолдол их гардаг. Иймд нууц үгээ мартсан бол цахим татварын систем (e-tax.mta.mn)-д цахим хаяг руу орж иргэн нууц үг дахин авах хүсэлтээ илгээнэ. Үүний дараа иргэний татварын албанд анх бүртгүүлсэн мэдээлэл нь ирүүлсэн хүсэлтийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг татварын байцаагч хянаж үзээд бүртгүүлсэн гар утасны дугаар болон цахим шуудангаар нь нууц үгийг илгээдэг. Харин Аж ахуйн нэгж, байгууллага нууц үгээ мартсан бол харьяа татварын албандаа хандан цахим татварын систем (e-tax.mta.mn)-д нэврэх орох нэвтрэх нэр, нууц үг аваад явна. Шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгж татварын албанаас тайлан илгээх тоон гарын үсэг авдаг. Мөн татвар төлөгч гуравдагч байгууллагад татварын албаны цахим тодорхойлолтыг өгч үйлчилгээ авч хэвшсэн байна. Энэ нь гуравдагч байгууллага татвар төлөгч этгээдийн татварын албаны тодорхойлолтыг шалгахдаа цахим татварын систем (e-tax.mta.mn)-ийн тодорхойлолт шалгах хэсэгт нэвтрэн орж тодорхойлолтын доор байгаа QR кодоор нэвтэрч тодорхойлолтоо шалгах боломжтой байдаг. Үүнийг татварын албатай харьцдаг төрийн болон орон нутгийн байгууллага болон Монгол Улсад байрлах Элчин сайдын яам, олон улсын байгууллага тодорхойлолтыг ашиглаж хэвшсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй