
IRIM судалгааны хүрээлэн төрийн байгууллагуудын цахим хуудасны мэдээлэлд 2014 оноос жил бүр үнэлгээ хийдэг уламжлалтай болжээ. Тус хүрээлэнгээс хамгийн сүүлд энэ оны аравдугаар сард хийгдсэн судалгааны дүнг IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Минжирмаа өнгөрсөн бямба гаригт болсон “Авлигын эсрэг чуулган-2019”-ийн үеэр танилцуулав.
Манай улсын хувьд 2004, 2008 онуудад Шилэн дансны, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиуд батлагдсанаас хойш цахим ил тод байдалд эрс дэвшилтэт өөрчлөлт гарчээ. Харин 2015 оноос хойш төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал зогсонги байдалд орчихсон тухай Н.Минжирмаа танилцуулав.
Энэ удаагийн судалгаа нь Монгол болон Киргизстан улсад туршигдсан ‘Цахим Засаглалын Ил Тод Байдлын Индекс’ (DTI) сайжруулсан аргачлалаар хийгдсэн байна.
Уг судалгааг хийхээр төрийн 81 байгууллагад хандахад 72 нь зөвшөөрч, судалгаанд хамрагджээ. Судалгааны үр дүнгээр тохируулагч агентлагууд цахим ил тод байдлын индексээр хамгийн тааруу үнэлгээ авсан бол дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд үнэлгээ өндөр гэсэн үр дүн гарсан байна. Хамгийн сайн нь бүхэл 1 гэсэн үнэлгээг авах бол хамгийн муу нь 0 оноог авах юм.
Хэрэгжүүлэгч агентлагуудаас цахим ил тод байдлыг хамгийн сайн хангасан нь Ашигт малтмал, газрын тосны газар
Цахим ил тод байдлыг хамгийн сайн хангасан яамдаар ХХААХҮЯ, Сангийн яамд тодорчээ.
Харин яамдаас Барилга, хот байгуулалтын яам цахим ил тод байдлаар хамгийн муу дүн авсан байна. Click To Tweet
8 тохируулагч агентлагуудын цахим ил тод байдлын дундаж үнэлгээ 1-ээс 0.579
УИХ-ын харъяа байгууллагуудын цахим ил тод байдлыг Монголбанк тэргүүлжээ
Монгол улсын хувьд мэдээлэл өгөх хөгжлийн шатандаа явж байна
Цахим засаглалын ил тод байдал нь эхлээд мэдээллийг өгч эхэлж, дараа нь иргэд, олон нийт, бусад талуудаа татан оролцуулан, эцэст нь хамтарч ажиллах хөгжлийн үе шатуудтай байдаг. 2019 онд хийсэн судалгаагаар Монгол улсын хувьд мэдээлэл өгөх хөгжлийн үе шатандаа явж байгаа гэж дүгнэжээ. Мөн үүнээс гадна иргэдтэйгээ эгэх холбоотой хамтран ажиллах тал дээр онцгой анхаарах ёстойг судалгааны дүн харуулсан байна.
‘Цахим Засаглалын Ил Тод Байдлын Индекс’ (DTI) нь эрх зүйн орчны бүрдүүлэлт, байгууллагын цахим засаглалын чадамж, дижитал ил тод байдал гэсэн ерөнхий гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Гурван бүрэлдэхүүнээр салгаж харвал цахим ил тод байдал бүрэлдэхүүн хэсэгт хамгийн муу буюу 0.519 гэсэн үнэлгээ авчээ. Үүнийг дахин задалбал технологийн үзүүлэлт дээр 0.086, Ил тод мэдээллийн агуулгын хувьд 0.403, Хэрэглэгчдийн оролцоо ба харилцаа дээр 0.051 үнэлгээг авсан нь иргэдтэйгээ эгэх холбоотой байх тал дээр илүү анхаарах хэрэгтэйг харуулсан байна.
Н.Минжирмаа “Цахим ил тод байдлыг хэрэгжүүлдэг хүн нь ажлынхаа хажуугаар хавсарга байдлаар хийдэг, тусгай төсөв байдаггүй нь харагдсан. Байгууллагын вэб сайтын цэснүүд хуульд зааснаар байгаа боловч мэдээллүүд нь ордоггүй Click To Tweet” гэв.
Ил тод байдал бол сайн засаглалын маш чухал хэсэг бөгөөд хууль журмыг хэрэгжүүлж болохуйц орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг тууштай хэрэгжүүлбэл авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд маш их дэмжлэг үзүүлнэ. Иргэд мэдээлэл авах боломжтой болохын хэрээр үр дүнтэй хяналт тавьж, төр засагтаа хариуцлага тооцдог болно. Тийм ч учраас иргэд, аливаа төр засагт шийдвэр гаргахад ашиглаж буй мэдээллийг авах эрхтэй байх нь чухал юм.
Дээрх хүснэгтээс харвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Төрийн албаны зөвлөл гэсэн хоёр байгууллага Шилэн данс хөтөлдөггүй, төсвийн орлого,зарлагын гүйлгээний дүнгээ ил тод мэдээлдэггүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй