UB IMPULSE-ийн анхны монгол илтгэгч Ч.Ундрам:Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид дөнгөж хамраа оруулсан байдалтай байна

“UB IMPULSE” олон нийтийн лекц хэлэлцүүлгийн энэ удаагийн илтгэгчээр МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам уригдан оролцож “Тэсрэлтэт технологийн эрин ба Монголын дээд боловсролын бодлого” сэдвээр   илтгэл тавилаа. Ч.Ундрам 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний хэмжээний анхны монгол илтгэгч юм.

Тэсрэлтэт технологийн эрин гэж юу вэ?

Өнөөгийн технологийн дэвшлийг компьютерийн хэрэглээтэй холбохгүй байхын аргагүй. 1953 онд IBM өнөөдрийн бидний  хэрэглэж байгаа компьютерийн эхний хувилбарыг гаргаж байсан. 1965 онд Intel компанийг хамтран үүсгэн байгуулсан Мүүр өөрийн туршлага, амжилтад үндэслэн хоёр компьютерийн хурд болон чадамж  нэг дахин нэмэгдэнэ, мөн түүнийг дагаад өртөг нь 50 хувь буурна гэж хэлсэн байдаг.

2000 оны эхэн үе хүртэл яг түүний хэлснээр явж байсан учраас Мүүрийн хууль болтлоо мөрдөгджээ. Гэвч 2000 оны сүүл үеэр маш олон компьюерт суурилсан дэвшилтэт технологиуд бий болж, компьютерийн дэвшил Мүүрийн бодож байснаас хурдтай болж эхэлсэн.  Тиймээс компьютерийн хөгжил нь Мүүрийн хэлж байсан шиг шугаман өсөлттэй биш экспоненциаль өсөлттэй юм байна гэсэн судлаачдын дүгнэлт гарчээ.

Бид экспоненциаль өсөлттэй үед  амьдарч байгаа юм. Шугаман өсөлттэй үед бид ирээдүйд юу болох талаар тодорхой хэмжээнд төлөвлөж чаддаг байсан бол экспоненциаль өсөлтийн хувьд хаана, ямар төвшинд очихыг таамаглахын аргагүй. Энэ хоёрын ялгаа энэ.

Экспоненциаль/distractive/ өсөлт нь маш олон технологийн үйлдвэрлэлийн нэгдлээс бий болж байгаа нөлөөлөл юм. Үүнийг  олон улсад distractive technology гэж нэрлэдэг. Distractive гэдэг нь аливаа зүйлийн зарчмыг өөрчилдөг, тоглоомын дүрмийг өөрчилдөг технологи. Үүнийг илтгэгч маань монгол хэлнээ буулгах гэж оролдон, энэхүү илтгэлдээ “Тэсрэлтэт технологийн эрин” хэмээн нэрлэжээ.

Энэ тухай судлаачид, бодлого боловсруулагчид сүүлийн жилүүдэд л ярьж эхэлсэн үү гэвэл үгүй. Хамгийн анх 2005 онд ирээдүй судлаач Рэй Курцвэйл “The Singularity is Near” номондоо энэ тухай технологи бол хэрэгсэл бүтээхээс илүү ойлголт, энэ нь өмнөх инновациар бүтээсэн хэрэгслээр илүү хүчирхэг технологи бүтээх процессийг хэлнэ хэмээн бичсэн байдаг. The Singularity нь технологийн ертөнцөд энэ нь компьютер чинь өөрөө дээд цэгтээ хүртэл хөгжөөд, хүнээс хамааралгүй болоод, эргээд хүмүүсийг удирдах боломжтой болох үеийг хэлдэг.

2015 оны Дэлхийн эдийн засгийн форум дээр тус форумыг үүсгэн байгуулсан Клаус Шфаб өөрийн илтгэлээ “Бид амьдрах, ажиллах, нэг нэгнээсээ хамаарах хамаарлыг зарчимгүй өөрчлөх технологийн хөгжлийн төвшин дээр ирээд байна. Ямар цар хүрээтэй, төвөгтэй байдал үүсэхийг бид  мэдэхгүй, хүн төрөлхтөн үүнийг өмнө нь туулж байгаагүй. Гэхдээ улс төрийн, олон нийт, хувийн сектор, шинжлэх ухааны байгууллага гээд бүх оролцогч талууд уялдаа холбоотойгоор харилцан үйлдэл үзүүлж, хамтдаа даван туулах ёстой” хэмээн эхлүүлсэн нь энэ асуудлыг дэлхийн нийтийн анхааралд ороход хүргэжээ.

Аж үйлдвэрийн хувсгал бүрийг даган эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүд гардаг бөгөөд эдгээрийг болон технологийн дэвшлийг даган ажил мэргэжлийн шинж чанар өөрчлөгдөх, шинэ мэргэжил бий болох, зарим мэргэжил хэрэгцээгүй болох зэргээр зах зээлд өөрчлөлт авчирдаг.

Өмнөх технологийн дэвшилтүүдтэй дэлхийн дээд боловсролын чиг хандлага хэрхэн уялдаж ирсэн бэ?

Аж үйлдвэрийн I хувьсгал:

Хүн төрөлхтөн анх хүй нэгдлийн үеэс эхлэн аж амьдрал нь газар тариалан, мал аж ахуй дээр тогтож ирсэн. Харин XVIII зууны сүүл, XIX  зууны эхэнд ус, ууранд суурилсан эрчим хүч бий болж, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бүтээмж өндөрссөн. Мөн яг энэ үед уурын хөдөлгүүртэй галт тэрэг бий болсон нь А цэгээс Б цэг рүү хүмүүс зорчихоос гадна их хэмжээний бараа, таваар зөөх боломжтой болж улс хоорондын гадаад худалдаа бий болсон.

Боловсролын системд гарсан өөрчлөлт:

Аж үйлдвэрийн I хувьсгалын дараа АНУ-ын сургуулиуд хүндхэн байдалд орж, Харвардын их сургууль хүртэл нэр хүндээ алдчихсан үе байжээ. Хардардын их сургуульд Химийн профессороор ажиллаж байсан Чарлез Элиот Европоор боловсролын системийг  хоёр жилийн хугацаанд судалсан. Ингээд АНУ-ын боловсролын системд ямар өөрчлөлт хэрэгтэй талаар ‘The New Education’ гэсэн нийтлэлээ бичив. Үүний дараахан Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн шалгаруулалт болсон бөгөөд үүнд 35 настай Чарлез өрсөлдөж, ялалт байгуулжээ. Ялалт байгуулахад голлох нөлөө үзүүлсэн шинэ санаанд дараахь хоёр зүйлийг тусгасан байв.

  • Олон мэргэжлийн чиглэлийг анхдагч байдлаар санал болгож ерөнхий суурийн хөтөлбөрийг оруулж ирэх,
  • Магистр, докторын төвшинд оюутнуудаа судлаачаар ажиллуулж, бэлтгэх Германы их сургуулийн загварыг нэвтрүүлэх

Аж үйлдвэрийн II хувьсгал:

2000-аад оны эхэнд цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бүтээмж улам нэмэгдсэн. Үйлдвэрлэлд конвергийн систем бий болж, үүнээс масс үйлдвэрлэлт бий болсон. Мөн автомашин бий болсноор А цэгээс Б цэг рүү бараа, таваар зөөхөөс гадна хүмүүс зорчих болсон. Энэ үед үндэстэн дамнасан корпорациуд ихээр бий болж шинжлэх ухаан, боловсролд ихээр хөрөнгө оруулах болжээ.

Боловсролын системд гарсан өөрчлөлт:

АНУ,Европт хувийн болон улсын их сургуулиуд олноор нээгдэхийн хамт түүнд суралцагч оюутнуудын тоо нэмэгдэж боловсролын салбар өрсөлдөөн ихтэй, өлсгөлөн салбар болж хувирав. Мөн 1862 онд тариаланчдын хүүхдүүдэд дээд боловсролыг нээлттэй болгож, ХАА, механик чиглэлийн мэргэжилтгүүдийг бэлтгэж, улмаар ХАА-ыг механикжуулах зорилготой The Morrill Act хууль батлагдсан байна.

Аж үйлдвэрийн III хувьсгал:

1970-2000 онуудад үйлдвэрлэлд электрон автомажуулалт нэвтэрснээр алдаатай бүтээгдэхүүн гарахаа больсон. Мөн энэ үед компьютер, интернет гарч ирсэн. Компьютер интернетээр дамжуулан бие биедээ мэдээлэл солилцох болсноор мэдээллийг арилжаалах боломжтой болсон.

Боловсролын системд гарсан өөрчлөлт:

Их,дээд сургуулиуд глобальчлагдаж олон улын судлаачдыг татан оролцуулах болсон бөгөөд мэдээллийн технологид суурилсан олон улсын академик судалгаа хөгжих болсон. Мөн АНУ-аас гадна Энэтхэг, Хятад улсуудад их дээд сургуульд хамрагдсадын тоо эрчимтэй өсч, дэлхийн аль ч өнцөгт байсан боловсролтой болох цахим боловсролын бизнес бий болж эхэлжээ.

Аж үйлдвэрийн IV хувьсгал:

2010 оноос өнөөдрийг хүртэл кибер физикийн системд суурилсан аж үйлдвэрийн хувьсгал өрнөж эхэлсэн. Интернетийг ашиглаад зөвхөн компьютер хоорондоо мэдээлэл солилцох биш бүх машин хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болсон. Гар утаснаас гэртээ байгаа камераар эд зүйлсээ хянах жишээний.

Энэ бол камер, гар утас хоёр хоорондоо мэдээлэл солилцож байгаа хэрэг. Энэ машинууд мэдээллээ цуглуулаад, анализ хийж шийдвэр гаргах чадвартай болсон буюу хиймэл оюун ухаантай болчихсон. Цаашид яаж хөгжих вэ гэдгийг хэн ч мэдэхгүй.

Хүний эд эрхтэнийг 3D принтерээр хэвлэх, нэвтрүүлэгчийн ажлыг робот орлох, жолоочгүй машин зэрэг өөрчлөлтүүд аль хэдийнэ бий болжээ.

Робот нэвтрүүлэгч гэхэд 24 цагийн турш ажиллах боломжтой, хэдэн хуудас текстийг огт гацалгүй уншина, хүмүүс шиг амралт шаардахгүй, заримдаа тосыг нь л солих шаардлагатай болно. Тэгэхээр эдийн засаг, бизнес, нийгэм, үндэстэн, хувь хүн гээд бүх зүйлд маань зарчмын өөрчлөлтийг бий болгох технологийн эринд бид ирсэн байна.

Тэсрэлтэт технологийн эрин нь эдийн засаг, нийгэм, бизнес, үндэстэн, хувь хүн гэсэн 5 төвшинд нөлөөлнө.


Бизнесийн төвшинд авч үзвэл:

  1. Хэрэглэгчдийн зан төлөв, хандлага, хүлээлт өөрчлөгдөнө
  2. Өмнө нь масс үйлдвэрлэл явагддаг байсан бол хувь хүнд зориулсан бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлнэ. Тухайлбал, хэдэн саяараа үйлдвэрлэгддэг парацетрамол эмийн масс үйлдвэрлэлт зогсож, зөвхөн Ундрамын өгөгдөлд суурилсан, надад зориулсан эмийг өгдөг үйлчилгээ нэвтэрнэ.
  3. Салбар дундын хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Бидний мэдэх хамгийн ойрын жишээ бол гар утас. Хэрэгцээт аппликейшн, камер, утсаар ярих үйлдлийг багтаасан байна.

Боловсролын системд гарсан өөрчлөлт:

Шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрүүдэд томоохон хэмжээний өөрчлөлт шаардлагай гэж судлаачид үзэж байгаа боловч яг юу гэдгийг олж чадаагүй л байна. Ямар ч байсан дата шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, робот, нано материалын чиглэлийн чадамжийг бүх оюутнуудад олгох  шаардлагатай.

Үүнтэй холбоотой хоёр кэйсийг жишээ татвал:

  • Станфордын их сургуулийн биологийн асуудлыг шийдвэрлэх хичээл: Оюутнуудад биологийн чиглэлийн бодит тоо, датаг өгөх бөгөөд оюутнууд өөрсдийнхөө суралцаж буй мэргэжлээр тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг олдог.
  • Харвардын их сургуулийн CS 50 хичээл: Ямар ч мэргэжлийн хүн өөрийнхөө мэргэжилд компьютерийг хэрхэн илүү сайн ашиглахыг заадаг.
Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед боловсролын системд анхаарах ёстой хоёр зүйл бол ёс зүй болон мэргэжлийн боловсрол. Технологи бол гайхамшгийг бүтээдэг боловч ёс зүйгүй бол аймшгийг бас бүтээж чаддаг. Click To Tweet

Монголын дээд боловсролын чиг хандлагад ямар өөрчлөлт шаардлагатай вэ?

  1. Монгол улсын иргэн
  2. Шинэ мэдлэг буюу инноваци бүтээгч хүн
  3. Мөн үүнийгөө эдийн засагт оруулах чадвартай энтрепренер иргэдийг бид массаар нь бэлдэж байж Аж үйлдвэрийн IV хувьсгалыг давж чадна.

ЕБС-иудтайгаа нягт холбоотой ажиллаж байж шилдэг боловсон хүчнийг бэлтгэж чадна. Нөгөө талаас процессын шинэчлэлийг хийх хэрэгтэй.

Элсэлт:

Манай улсын хувьд 10 жилээс ЭЕШ-ыг жилд ганцхан удаа авдаг бол АНУ-д ACT шалгалтыг 10 дугаар ангиасаа авахуулаад хоёр жилийн хугацаанд сар болгон өгч болдог. Нэг л удаа муу авсан хэзээ ч сурахгүй гэж ойлгож болохгүй. Нөгөө талаас ЭЕШ-ын чанар, үнэлгээнд нь маш сайн анхаарах хэрэгтэй.

Төгсөлт:

Тухайн оюутан 120 кредитийн 40 хичээл үзээд 40 ширхэг A, B, C дүн авчихсан. Гэтэл түүнийг нь Улсын шалгалтын гуравхан асуултаар дүгнэж болохгүй. Төгсөх шүүлтүүрийг хэцүү болгох ёстой.

Дэлхийн хүн амын 17 хувь нь цахилгаангүй байгаа тул хувьсгалд оролцоогүй. Талаас илүү хувь нь интернетэд холбогдоогүй байгаа тул хувьсгалд оролцож чадаагүй. Бидний хувьд аж үйлдвэрийн IV хувьсгалд зарим талаараа байгаа боловч  ихэнх талаараа байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бид аж үйлдвэрийн IV хувьсгал руу зөвхөн хамраа оруулсан байдалтай байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ