Засгийн газар төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн зээлийн хүүг бууруулах, татварын асуудлуудаа шийдвэрлэх, төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг “Rio Tinto”-оор бариулах зэрэг боломжуудыг эрэлхийлж байгаа хэмээн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээллийнхээ үеэр дурджээ.
Д.Сумьябазар сайдын хувьд өмнө нь ч Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийхдээ төслийг зогсоохгүй харин сайжруулах талаар хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдэж ирсэн байдаг.
Лондон хотноо 17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа дэлхийн уул уурхайн салбарынханы “MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан оролцсон.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцуулахын сацуу Оюутолгойтой холбоотой мэдэгдэл хийсэн нь энэ аж.
Д.Сумьяабазар “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувь, нийт экспортын 89 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал салбар юм. Монгол Улсад хууль, дүрэм, журмууд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгалгүйгээр тэгш үйлчилдэг. Татварын орчны хувьд олон улсад өрсөлдөх чадвартай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын хувь хэмжээг тогтворжуулдаг. Цаашид бид салбарын хуулиудын давхардал хийдлийг арилгах тал дээр дахин ажиллаж байгаа” гэжээ.
Мөн уг чуулганд дэлхийн хэмжээний нүүрсний орд болох Тавантолгой, Эрдэнэс Монгол ХХК, хувийн хэвшлийн төлөөлөл Эрдэнэ Ресурс Дэвэлопмент Корпораци танилцуулгаа хийж дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд оруулсан аж.
Энэ хооронд Торонтогийн Хөрөнгийн биржид лхагва гарагт “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 3.4 хувиар өсөж, 0.61 канад доллар болсон байна. Пүрэв гарагт Австралид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.4 хувиар өсөж, 97.39 австрали доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолыг баталсны дараа “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак “Оюу Толгой” төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах талд Монгол Улсын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаа хэмээн мэдэгдээд байгаа билээ. Мөн Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулахаар Рио-Тинтотой хэлэлцэж байгаа тухай УИХ-ын гишүүд мэдэгдсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй