Хар тамхины хэрэгт холбогдсон 14 Монгол иргэн бүх насаараа хоригдох болон цаазын ялаар шийтгүүлжээ

2019-11-28

Сүүлийн жилүүдэд мансууруулах сэтгэцэт нөлөөтэй бодисын хэрэглээ нэмэгдэж, гол хэрэглэгчид нь 18-35 насныхан байгааг өнөөдөр зохион байгуулсан “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурлын үеэр албаныхан онцлон хэлсэн.

2010-2018 онд хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 98 хувь нь Монгол Улсын иргэн байсан бол үлдсэн хоёр хувь нь Филиппин, Нидерланд улсын харьяат иргэн байжээ. Click To Tweet

Мөн энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Их Британи, Хонг Конг, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас автозам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Гаалийн байгууллага өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдлийг илрүүлж, нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Харин энэ оны эхний есөн сарын байдлаар нийт есөн тохиолдлыг илрүүлээд байгаа аж.

Энэ талаар ГЕГын Гаалийн зөрчилтэй тэмцэх, Хэрэг бүртгэх газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар “Гаалийн байгууллага рентген аппарат болон тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны нохой, мансууруулах бодис илрүүлэх бусад багаж, төхөөрөмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлыг илрүүлдэг. Мөн эрсдэл тооцох системийг ашиглан зорчигч, шуудан илгээмжийн мэдээллийг урьдчилан авч, дүн шинжилгээ хийх аргачлалаар эрсдэлтэй бүс нутгаас ирсэн илгээмж, зорчигчдыг хяналт, шалгалтад хамруулж байна. Бид он гарсаар нийт 11 удаагийн тохиолдлыг илрүүлэн 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Гаалийн байгууллагын хувьд хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан гэрчээс мэдүүлэг авах явцад тухайн этгээдүүд ихэвчлэн тодорхой зорилго сэдэлтэйгээр далд веб ашиглаж тус бодисыг интернетээр захиалсан байдаг. Click To Tweet Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хэмжээнээс үл хамааран 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг” гэлээ.

Түүнчлэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 60 орчим хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Түүнчлэн оюутан, сурагч, төрийн албан хаагч, тэтгэврийн насны хүмүүс ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бий” гэдгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар хурлын үеэр тавьсан илтгэлдээ онцолсон юм.

Мөн тэрбээр, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн тодорхой хувь нь тухайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэсэн судалгаа бий.

Тухайлбал, Манай байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсад уг гэмт хэргийн улмаас одоогоор хорих ял эдэлж байгаа 100 орчим, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 200 орчим хүн бий. Click To Tweet

Хорихоос өөр төрлийн ял эдэлж буй хүмүүс ялаа эдлэх хугацаандаа дахин үйлдэж байна гэсэн дүн гарсан” гэдгийг ч илтгэлдээ дурдаж байв.

Гадаадад оршин сууж буй иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэх болжээ. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр 14 хүн бүх насаараа хорих болон цаазаар авах ялаар шийтгүүлсэн аж. Тус гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 84 хувь нь найз, нөхдийнхөө хүрээнд уруу татагддаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын магадлан шинжлэгчдээс зургаан сарын хугацаанд авсан судалгаагаар магадлан шинжлэгчдийн 11.3 хувьд нь сэтгэцийн эмгэг аль хэдийн үүссэн байсан бол бусад хүмүүсийн хувьд мансууруулах бодисыг өмнө нь тодорхой хэмжээнд хэрэглэж байсан нь ажиглагдсан гэх мэдээллийг СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа хэлсэн. Мөн тэрээр, 18-35 насны сэтгэцэд нөлөөт эм хэрэглэсэн хүмүүсийн 30 гаруй хувь нь оюутан, залуус байсан нь ихээхэн анхаарал татахуйц үзүүлэлт юм.

Мансууруулах бодисыг хэрэглэсэн хүний бие болон сэтгэцийн эрүүл мэндэд эргэшгүй өөрчлөлтүүд гардаг. Тийм ч учраас мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь дэлхий нийтийн хувьд маш бэрхшээлтэй асуудлын нэг болоод буй.

Иймд тухайн хүнийг мансууруулах бодист донтогч буюу мансууруулах бодист хамааралтай болохоос нь өмнө хор уршгийг нь ойлгуулах замаар урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нь илүү ач холбогдолтой гэж үздэг” гэв.

Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон СЭМҮТ хамтран уг хурлыг зохион байгууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ