Хотын дарга “Ид шидийн орон-2”-оор зочилж, хананд нэгийг үлдээлээ

2019-11-28

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан амралтын өдрөөр “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочилсон юм.

Анх 2012 онд байгуулагдсан Лантуун дохио ТББ нийгэмд, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Click To Tweet

“Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.

“Ид шидийн орон-2” төсөлд “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” зэрэг олон байгууллагууд,мөн сайхан сэтгэлт хувь хүмүүс тусламжийн гараа сунгажээ.

Хотын захирагч С.Амарсайхан ”Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд  залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

Мөн тэрээр “Ид шидийн орон-2”-ны цахилгааны зардлыг Нийслэлээс хариуцах болно гэдгээ хэлсэн бөгөөд тус төслийг санаачлагч “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан бодитоор  ажил хэрэг болон албажсаны дараа дахин мэдээллэнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан хэлжээ. Хотын дарга С.Амарсайхан тухайн үед ажилласан байсан сайн дурын оюутан, залуусыг бүгдийг нь кофегоор дайлснаас гадна хананд нэгийг үлдээхээ ч мартсангүй. Тэрээр “Үргэлж эрүүл, эрч хүчээр дүүрэн байгаарай” хэмээн бичжээ.

Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ