• Бага насны хүүхдийн хөдөлгөөний дутмагшлыг ДЭМБ орчин үеийн тахал гэж үзжээ

    2019-11-27

    Нийт 146 улс орон хамрагдсан судалгааны дүнд 11-17 насны таван хүүхэд тутмын дөрөв нь хангалттай хөдөлгөөн хийж чадахгүй байна гэж гарчээ.  Улс  орнуудаар нь авч үзвэл, Филиппиний  эрэгтэй хүүхдүүд,  Өмнөд Солонгосын охид хамгийн бага дасгал хөдөлгөөн хийдэг гэнэ.

    ДЭМБ-аас ийнхүү дасгал хөдөлгөөний дутагдалд орох нь хүүхдийн тархины хөгжил, цаашлаад нийгмийн харилцаанд нь сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж байна. Баян, ядуугаас үл хамааран АНУ-аас авахуулаад Афганистан, Зимбабве зэрэг дэлхий даяарх бүх хүүхдүүд өдөрт хийх ёстой нэг цагийн дасгал хөдөлгөөнөө хийхгүй байгаа нь судалгаагаар гарсан байна.

    5-18 насны хүүхдийг 60 минут буюу нэг цагийн дундаж болон түүнээс өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж үздэг.

    Зүрхний цохилт, амьсгалын давтамжийг хурдасгадаг хөдөлгөөн болгоныг дасгал хөдөлгөөнд тооцно. Жишээлбэл, гүйх, дугуй унах, усанд сэлэх, хөлбөмбөг тоглох, үсрэх, ноцолдох зэрэг…

    Яагаад дасгал хөдөлгөөн чухал гэж…?

    Дасгал хөдөлгөөн хийснээр хүүхдийн зүрх, уушигны ажиллагаа сайн, булчин, яс хүчтэй болдгоос гадна сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ч ач тустай. “Багадаа дасгал хөдөлгөөн хийдэг байсан хүүхдүүд насанд хүрэхдээ харьцангуй идэвхтэй хэвээр байдаг” гэж ДЭМБ-ийн доктор Режина Гүтолд хэлжээ. Харин дасгал хөдөлгөөн нь насанд хүрсэн хойно зүрхний шигдээс болох, чихрийн шижин зэрэг олон өвчлөлийн эрсдэлийг буруулдаг.

    Оюуны боловсролыг биеийн хүчний дасгалаас илүүд үзэх болсон

    Өсвөр насны хүүхдүүд шалгалтандаа бэлдэх, шаргуу хөдөлмөрлөхөд ихэнх цагаа зарцуулах болжээ. “Сургууль дээрээ олон цагийг гэрийн даалгавраа хийн, хичээлээ давтах шаардлагатай учраас  тэр болгон идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх цаг олдохгүй байна” хэмээн судалгааг хамтран хийсэн судлаачдын нэг болох Лиэннэ Рилэй хэлжээ.

    Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг муу хангасны улмаас хүүхдүүд сургууль эсвэл найзых руугаа алхах, дугуй унахаа больж, аль болох тээврийн хэрэгслээр зорчих болжээ.

    Мөн хүүхдийн гадаа тоглож, идэвхтэй байх цаг хугацаатай гар утас, таблет, компьютер өрсөлдөх болсон нь орчин үеийн хүүхдийг хөдөлгөөнгүй болгож байгаа аж. Тиймээс дэлхий нийтийн шинэ тахал болох бага насны хүүхдийн хөдөлгөөний дутмагшлыг ДЭМБ шинэ тахал гэж үзсэн байна.

    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ