Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулж Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурлаа

Өнөөдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны тунхагласны 95 жилийн ойн өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулж,  Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна. 

Энэхүү ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд оролцлоо.  Ёслолын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажууллаа. Дараа нь тэрбээр ард түмэндээ хандаж үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд аа, эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа. Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг  баталгаажууллаа. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монгол олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төслийг өргөн барьжээ.  Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцохдоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр өөрчлөх эрс шинэчлэл хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ.

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагшаа хагас алхлаа.  Уг нь нэг мөр шийдэх олон асууал шийдлээ хүлээж байсан боловч олигархи цөөнхийн эрхшээлд автсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй.  Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож бас чадсангүй.  Жалга довны төлөөлөл байх үзэл санаа нь амь бөхтэй зуурч үлдсэн. Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг иржээ.

Үгүй бол бид дахиад 8 жил хүлээх байлаа.  Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцорч үлдэх болно. Төр,  улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах. Энэ нь олон нийтийн зүгээс эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ.  Учир иймд улс орны эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэн, Үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.  Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч, хэрхэвч мартаж болохгүй.

Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учир ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж байна. Иргэн бүр ухаартугай, унштугай, дагатугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтгуай” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ