• Шинжлэх ухаан,технологи,инновацийн шилдгүүд тодорлоо

    2019-11-25

    Өнөөдөр Шинжлэх ухаан, технологи,инновацийн салбарынхан 2019 оны шилдгүүрээ тодрууллаа. Ёслолын арга хэмжээнд БСШУС-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдлага болон үе үеийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.

    2019 онд зохион байгуулагдсан шинжлэх  ухаан, технологи, инновацийн нийт дөрвөн үзэсгэлэнд давхардсан тоогоор 73 байгууллагын 552 орчим бүтээгдэхүүн оролцжээ. Үүнээс нийтдээ долоон байгуулагын 16 бүтээл шилдэг инноваци номинацид нэр дэвших эрхээ авснаас шилдгийн шилдэг дөрөв тодорч, шагналаа гардан авлаа.

    Тухайлбал, “Шилдгийн шилдэг инноваци” номинацид Мал эмнэлгийн хүрээлэн, “Монос” косметик ХХК, “Гарааны Дижитал Солюшнс” ХХК нар өрсөлдсөнөөс “Гарааны Дижитал Солюшнс компани” “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” бүтээлээрээ ялагч болжээ.

    • “Шилдэг инновацийн технологи” номинацид “Малын арьс ширнээс гарган авсан коллагений гидролизат” бүтээлээрээ ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн,
    • “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”  номинацид “Акритракт” бэлдмэлээрээ “Гарааны рецептор” ХХК,
    • “Шилдэг инновацийн үйлчилгээ” номинацид “Монголын анхны хүүхдийн “Марчаахай” OTT үйлчилгээ бүхий онлайн систем”-ээрээ Марчаахай ХХК тус тус тодорчээ.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Шилдэг бүтээл” шагналын эзнээр “Монголын эртний нийслэл Хархорум” бүтээлээрээ МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн доктор, профессор  У.Эрдэнэбат тодорч, удаахь байранд “Монголын эзэнт гүрний түүх” 5 боть номоороо МУИС-ын доктор н.Дэлгэржаргалаар ахлуулсан баг хамт олон шалгарчээ.

    Мөн их эрдэмтдээ алдаршуулах зорилгоор “Их эрдэмтдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд академич Ц.Дамдинсүрэнгийн шагналаар ОХУ-ын ШУА-ийн Гар, бичмэлийн хүрээлэнгийн Монгол судлалын төвийн эрхлэгч доктор, профессор Ирина Владимировна Кульганик энгэрээ мялаажээ.

    Харин шинжлэх ухааны салбарт шинэ салбар ухааныг хөгжүүлэх, менежментийг боловсруулахад онцгой гавъяа байгуулсан нэгэнд олгодог академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Хишигт тодорлоо.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ