Ердийн сургуулийн зөвшөөрөл аваад Кембрижийн хөтөлбөр зарлан,өндөр төлбөр авдаг сургуулиудыг МХЕГ-аас илрүүлжээ

2019-11-22

Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС-иудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээллийн МХЕГ-ыг Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн өглөө.

Тэрээр “Олон улсын хөтөлбөртэй гэж өөрсдийгөө нэрлэсэн,  мэргэжлийн хяналтын хяналт шалгалтанд нэг ч удаа ороогүй нийт 10 сургуулийг хамруулсан. Хамгийн гол нь тэдгээр сургуулиуд тусгай зөвшөөрлийн зөрчилтэй гарсан” хэмээн мэдээлэл өглөө.

Тодруулбал, өөрсдийгөө Кэмбрижийн хөтөлбөртэй сургалт явуулдаг гэж зарлаад, сургалтын өндөр төлбөртэй байгаа мөртлөө яг зөвшөөрлийг нь үзэхээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байжээ.

Мөн, ААН-ийн гэрчилгээ нь компанийн нэр дээр, сургууль нь өөр нэртэй, өөр байршил дээр сургалт явуулж байгаа зөрчлүүд илэрчээ.

Үргэлжлүүлэн М.Нямсүрэн “Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ Кэмбрижийн хөтөлбөртэй сургуульд явуулахыг эрмэлздэг. Гэтэл Кэмбрижийн хөтөлбөртэй сургалтыг явуулахдаа франчайзинг маягаар тухайн улсаас нь зөвшөөрөл авсан, зориулалтын барилга байшинтай, сертифиттай буюу энэ төрлийн сургалтын явуулах эрх бүхий багштай байх ёстой. Гол тавигддаг шалгуур нь багшаас гадна сургалтын орчинд маш ихээр анхаарал хандуулдаг.  Гэтэл ихэнхи шинээр байгуулагдаж байгаа сургуулиуд Кэмбрижийн хөтөлбөртэй гэж нэрлэсэн боловч үзлэг шалгалтын хүрээнд шаардлага хангаагүй” хэмээлээ.

МХЕГ-аас хийсэн хяналт шалгалгаар British school, Orchlon, Orkhonkhasu, Ulaanbaatar Elite гэсэн дөрвөн сургууль л албасн ёсооор Кэмбрижийн хөтөлбөрийг явуулах эрхтэй аж.

Мөн үүнээс гадна Кэмбрижийн хөтөлбөртэй сургуульд суралцан төгсөгч байгаа хүүхдүүд маань ЕБС-ийн гэрчилгээнээс гадна олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийн сертифиттай төгсөх ёстой юм байна. Кэмбрижийн хөтөлбөртэй гэж өөрсдийгөө нэрлэсэн сургуулиуд сертификат олгож байгаа боловч тэр нь Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаагүй учраас төгссөн хүүхдүүд дараагийн шатны сургалтанд хамрагдахад асуудал үүсдэг.

Сингапур, Япон, Америк хөтөлбөртэй гэж хэлээд байгаа боловч албан ёсоор эрхгүй сургуулиуд олон улсын хөтөлбөртэй гэж сургалт явуулж байна

Кэмбрижийн хөтөлбөртэй гэж өөрсдийгөө нэрлэж буй сургуулиудаас гадна олон улсын хөтөлбөртэй гэсэн сургуулиудыг ч энэ удаагийн шалгалтанд хамруулжээ.

Энэ талаар М.Нямсүрэн “Олон улсын хөтөлбөртэй сургалт эрхлэх зөвшөөрлийг яам өгөхдөө Засгийн газрууд хоорондын хэлэлцээрээр эсвэл тухайн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх эрх нь нээгдсэн газруудад өгөх ёстой. Сингапур, Япон, Америк хөтөлбөртэй гэж хэлээд байгаа боловч албан ёсоор эрхгүй сургуулиуд олон улсын хөтөлбөртэй гэж сургалт явуулж байна.

Энэ сургуулиудын хувьд өөрийн зориулалтын байргүй, түрээсийн байранд сургалт явуулдгаас гадна тусгай сертификаттай гадаадын болон дотоодын багш нарын тоо хангалтгүй зэрэг зөрчлүүд байгаа нь сургалтын чанар, үр дүнд муугаар нөлөөлж байна” хэмээн ярилаа.

Энэ удаагийн шалгалт нь урьдчилан сэргийлэх чанартай байсан учраас зөрчил илэрсэн сургуулиадад анхааруулга, зөвлөмж өгч, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ