• Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн О.Хулан, Г.Минжин нар МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд боллоо

    2019-11-21

    МУИС-д суралцагч 20 мянга гаруй оюутнаас сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээ мөн урлаг,спортоор бусдыгаа манлайлагч сурагчдыг жил болгон шалгаруулан МУИС-ын нэрэмжит тэтгэлгийг олгодог уламжлалтай. Анх зөвхөн бакалаврын төвшний оюутнуудад тус тэтгэлгийг олгодог байсан бол өнгөрсөн жилээс магистр, докторын төвшний суралцагч нарт ч олгодог болжээ.

    2018-2019 оны хичээлийн жилд нийд 184 суралцагч МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг эзэд болжээ. Харин энэ жилийн хувьд зургаан төрлөөр нийт 276 суралцагч энэхүү тэтгэлгийн болзлыг хангаж, батламжаа гардан авлаа.

    Энэ жилийн МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон сурагчдын дунд FIBA 3×3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарч түүхэн амжилт гаргасан Монголын шигшээ багийн тамирчид болох О.Хулан, Г.Минжин нар багтжээ. О.Хулангийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургуульд Санхүү, менежментийн гуравдугаар төвшинд суралцдаг бол Г.Минжин нь бизнесийн сургуулийн төгсөх курсийн оюутан юм. Тэдэнтэй багахан хугацаанд ярилцсанаа хүргэе:

    -Энэ жилийн хувьд Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн гаргасан амжилтаас хуваалцвал?

    -О.Хулан: Монгол улсын эмэгтэй шигшээ багийн хувьд 3×3 төрлөөр сүүлийн жилүүдэд давамгай оролцож байна. 23 наснаас доош залуучуудын шигшээд анх оролцоод National C буюу Үндэстнүүдийн лигээс хоёр удаа гуравт, нэг удаа хоёрт орсон. Сүүлд болсон ДАШТ-нд зургадугаар байранд орсноос гадна Малдивт болсон Asia Quest-ээс шигшээ баг маань мөнгөн медаль авсан.

    -Сагсан бөмбөгөөр хэдэн жил болж байна вэ, үүнээс өөр спортоор хичээллэж байсан уу?

    -О.Хулан: Миний хувьд сагсан бөмбөгөөр хичээллээд гурван жил болж байна.

    -Г.Минжин: Миний хувьд багаасаа бүжгийн спортоор хичээллэдэг байж байгаад Орос сургуульд байхдаа наймдугаар ангиасаа хойш сагсан бөмбөгөөр хичээллэж ер нь энэ спорт руу гүн орсон гэж хэлж болно.

    -Хоёулаа удахгүй төгсөх юм байна. Ер нь хичээлийнхээ хажуугаар спортоор хичээллэх хүндрэлтэй юу, гэрийнхэн нь хэр дэмжиж байна?

    -О.Хулан:Өөрөө л дуртай байж, хичээхгүй бол ер нь хэцүү. Манай сургуулийн хувьд ойлгодог ч багш нар байна. Ойлгохгүй ч багш нар байна. Тэр болгонд аль болох зохицуулах гээд хичээдэг.

    -Г.Минжин:Гэрийнхэн эхэндээ дэмждэггүй байсан бол одоо бид нарын өдөр болгон хийж байгаа бэлтгэл, урсгаж байгаа хөдөлмөрийнхөө дүнд гаргаж байгаа амжилтыг үнэлэн, дэмждэг болсон.

    -Бэлтгэлээ хаана хийдэг вэ?

    -О.Хулан: Бид хоёр хоёуулаа МУИС-ийн шигшээ багаас оюутны лигт тоглодог учраас 5×5-ийн бэлтгэлээ МУИС дээр хийдэг. Харин 3×3 төрлийн бэлтгэлээ Орчлон сургууль дээр хийдэг.

    МУИС-ийг төлөөлж Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлсэн баг тамирчид

    Ийнхүү спортоор үеийнхнийгээ манлайлсан сурагчдаас гадна улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн 24, ЭЕШ-т хамгийн өндөр оноо авч МУИС-д элсэн суралцаж буй 68, гурваас доошгүй улирал 3.5-аас дээш голчтой суралцаж буй 114 оюутан, мөн улсын хэмжээний мэргэжлийн олимпиадад I-III байр эзэлсэн 13 сурагчид нэрэмжит тэтгэлгийн батламжаа гардан авлаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ