УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг би эхнээс нь эсэргүүцсэн. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг би хэзээч зөвтгөхгүй. Олон улсын зах зээлээс тэд мөнгө босгоод, бидэнд буцаагаад зээлчихсэн. Хэрвээ олон улсын шүүхэд очоод, шударга шүүх гэж байдаг бол цэвэр луйвар гэдгийг гаргаад л ирнэ. “Рио Тинто” гэдэг компани манай баялгийг үнэгүй эзэмшиж байгаа. 5 хувийн роялтын татвар л төлж байгаа байх. Ч.Сайханбилэг гэдэг нөхөр дураараа загнаж, Дубайд очоод, 4.7 тэрбум. Магадгүй 6 тэрбумыг авсан байж магадгүй, зээлсэн. Үүний хэд нь Монголд орж ирсэн юм. Миний бодож байгаагаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.доллар орж чадаагүй ээ. “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа тэндээс шууд авчихсан. Энэ цэвэр луйврын шинж чанартай хэлэлцээр байсан шүү. Гэхдээ цаг хугацаа шүүх байх. Ч.Сайханбилэгийг, С.Баярыг шүүж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюутолгойн орд газрын ашиглалттай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулсан. Танилцуулсны дараа 86 дүгнэлтийн хүрээнд УИХ-ын тогтоол гаргах ажлын хэсгийг надаар ахлуулж, байгуулсан. Бид 86 дүгнэлтийн хүрээнд ажилласан, ямар нэг юм нэмээгүй. Бид 9 янзаар тогтоолын төсөл бэлтгэсэн. Хамгийн сүүлчийн хувилбараар нь баталсан. Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг нуугаад, өмөөрөөд байх юм байхгүй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Оюутолгойтой холбоотой асуудал гэрээ байгуулагдсан цагаас л эхэлсэн. Бидэнд алдаатай зүйл их бий. Энд Оюутолгой, “Рио Тинто” гэсэн нэг тал. Монгол Улс гэсэн нөгөө тал бий. Тиймээс гэрээгээ яаж сайжруулах, засаж янзлах вэ гэдэг талаас нь бодолтой хандаж, үгээ хэлээрэй. Хоёрдугаарт, нэг том алдаа ажиглагдаад байна. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио Тинто” гэдэг компаниас надтай уулзая гэж маш олон удаан имэйл бичиж, таних мэдэх хүмүүсээр дамжуулж хэлүүлсэн. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Монгол нэг цонхоор ярихгүй бол УИХ-ын даргатай, ажлын хэсгийн ахлагчтай, гишүүдтэй гээд салаа бүрээр тэд хүмүүсээ явуулж, нэг бодлогоор ажиллаад байна. Би “Эрдэнэс Оюутолгойнхноос асуулт асууя. ТУЗ-ийн гишүүн гээд 3 хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүс маш муу ажиллаж байна. Энэ хүмүүс Монголын 34 хувь, үүний эрх ашгийг хамгаалах, ашгийг яаж авах вэ гэдгийг ярьж явах ёстой байсан. Гэвч тэд ажиллахгүй байна. Өнөөдөр бид 1000 тонн алтаа яаж ашиглах вэ гэдгээ “Рио Тинто”-тай ярьсан юм уу. Байхгүй. Алт нь, мөнгө нь гараад байгаа, зэс нь гараад байна уу гэдгийг мэдэхгүй. Хараат бус компаниар хянуулаад гаргадаг л гэдэг. Үнэхээр хянадаг юм уу. Сая шүүх ямар шийдвэр гаргачихав аа. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон хүн нь энэ асуудалд нэг тайлбар өгөөч. Дубайн гэрээ байгуулъя гэж комисс гаргасан захирамж нь хүчингүй болсон юм уу. Эсвэл Дубайн гэрээ байгуулах захирамж нь хүчингүй болсон юм уу. Үүнийг чинь мэдэж байгаа хүн алга.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Нэг цонхоор байх гэдэгт санал нэг байна. Манай УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд уулзая гэх болгонд уулзаад, тал талаас утасддагаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд өөрсөдөд нь асуудал бий. УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Бүтэн 6, 7 сарын хугацаанд ямар нэгэн хэлэлцээр хийх боломжгүй байсаар ирлээ. Би Засгийн газрын харьяа агентлагийн удирдлагуудад анхааруулсан. Салбарын сайд гэх мэт цөөн хэдэн хүн л албан ёсоор “Рио Тинто”-гийнхантай уулзахаас бусдаар албан бус уулзалт хийхгүй шүү гэж. Хоёр дахь асуудлын тухайд, 2015 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 99 дүгээр тогтоолоор Бямбасайхан, Да.Ганболд гэдэг хүмүүст далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөлтөд гарын үсэг зурах эрхийг өгсөн. 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий сайдын27 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн хэлбэртэй байж болно гэж заасан. Гэхдээ Засгийн газрын өмнөх нийтлэг жишгээр ямар нэг гэрээ хэлцэлтэй, тэр дундаа маш өндөр хэмжээний мөнгөн дүн, эсвэл хөрөнгө шийдэхтэй холбоотой асуудал Засгийн газрын тогтоол болж албажих учиртай байдаг. Бүх яамдаас санал авах ёстой. Тэр дундаа Хууль зүй, Сангийн яам хоёр зайлшгүй ажиллах ёстой байдаг юм. Энэ үйл ажиллагааг алгассан. Үүнтэй холбоотой Захиргааны хэргийн шүүх дээр асуудал үүссэн. Бид 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Тэгээд цаашид яах эсэхээ шийднэ. Энэ гэрээг буруу гэхээр нэг Засгийн газар жишээ болчихоод байдаг. Хамгаалъя гэхээр нийтлэг жишиг, холбогдох хууль тогтоомжийг зөрччихсөн байна.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д 9 хүн бий. Гурав нь “Рио Тинто”-г, гурав нь “Туркойз Хилл” компанийг, үлдсэн нь Монгол Улсын Засгийн газрын төрийн эзэмшлийг төлөөлж байгаа. Монголыг төлөөлж байгаа гурван гишүүн нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, Н.Түмэнцогт нар байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу “Эрдэнэс Монгол”-оосоо удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Монголын талын өгөөж,хувь нийлүүлэгчдийн болон санхүүжилтийн зээлийн хүү зардлын хэтрэлд анхаарал тавьж ажилласан. Бид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийгээд, хөрөнгө оруулагчаа шалгаруулах ажлыг хийж байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар ажиллаж байна. Бэлтгэн нийлүүлэлтийг Монголын компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад оруулж байгаа хөрөнгө оруулалтын 80 хувийг Монголын компаниудад зарцуулж, тэднээс бараа бүтээгдэхүүн авч байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on on that Topic: gereg.mn/news/36705 […]
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: gereg.mn/news/36705 […]
… [Trackback]
[…] Information on that Topic: gereg.mn/news/36705 […]