• И.Мөнхцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх орлого хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө

    2019-11-21

    Монгол улсын хэмжээнд нийт 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаагийн 56 хувийг эрэгтэй, 44 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогод үзүүлэлх чөлөөлөлтийн заалтыг өөрчлөн оруулжээ. Шинэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар ээлтэй орчин бий болсон талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-т “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна хэмээн заажээ.

    -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах төвшин хэр байна вэ?

    -2007 оноос хойш хэрэгжиж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.10-д “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Хуулийн заалтын дагуу орлого олгогч этгээд буюу ажил олгогч нь татвар төлөгч буюу ажилтны орлогыг олгохдоо хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүйгээр шууд олгож, чөлөөлөлтийг үзүүлдэг.  Хэрвээ орлогыг олгохдоо ажилтнаа энэ заалтад хамрагддаг гэдгийг мэдээгүй, албан татвар суутгасан тохиолдолд тухайн татвар төлөгч өөрөө тайлангаа гаргаж, төлсөн албан татвараа буцааж авах зарчмаар явдаг.

    -Шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд энэ заалт хэвээрээ байгаа юу?

    -Шинэчлэн батлагдсан  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх аргачлалын хувьд өмнөх хуультай ижилхэн гэж ойлгож болно.

    Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг байгууллага ажилтандаа цалинг нь олгохдоо тухайн татвар төлөгчийн цалингаас албан татвар суутгахгүйгээр олгоно. Харин тухайн ажилтан маань хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг батлах баримт, бичгээ ажил олгогчдоо хавсарган өгсөн байх шаардлагатай. Ямар нэгэн байдлаар татвар суутгачихаад, дараа нь буцааж авахаар хөөцөлдөхгүйгээр, эхнээсээ л цалингаа авахдаа хувь хүний орлогын албан татвар суутгуулахгүйгээр чөлөөлөлтөө эдлэх ёстой.

    Статистикийн мэдээллээс харахад Монгол улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм байна. Эдгээр иргэдэд энэ заалт хамаарна.

    Одоо хэрэгжиж байгаа буюу хуучин хуулийн заалтаа авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн заалт бөгөөд өмнөх хуулиар хөгжлийн бэрхшээлтэй биш боловч ердийн өвчин эсвэл ажлын онцлогоос хамаараад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс ч багтдаг байсан. Шинэ хуулиндаа яг хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг чөлөөлнө гэж тодорхой болгож оруулж ирсэн.

    -Энэ хуулийн заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань цалингаасаа албан татвар төлөхгүйгээс гадна бусад ямар боломжууд бий болж байгаа вэ?

    – Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлогод цалин хөдөлмөрийн хөлсний орлогоос гадна хуульд заасан бизнесийн үйл ажиллагааны орлого,  хөрөнгийн орлого буюу ногдол ашгийн, банкны хадгаламжийн хүүгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, шууд бус орлого хамаардаг. Банкинд хадгаламж эзэмшдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд тухайн банкиндаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ баталсан баримт бичгээ өгч тэмдэглүүлсэн тохиолдолд банк хадгаламжийн хүүнээс албан татвар суутгахгүйгээр олгоно.

    Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн бол Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрийн эзэмшсэн мэргэжлээр бусдад зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулах,  сургалт явуулах,  бариа засал хийх, худалдаа үйлчилгээ эрхлэх  гээд төрөл бүрийн бизнес эрхэлдэг.  Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлого нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.  Өөрөөр хэлбэл тухайн бизнесийг эрхлээд олох ашгаас төлөх албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань  жилийн эцэст тайлангаа  бол гаргаж өгөх үүрэгтэй.

    -Хөгжлийн бэрхшээлийг иргэдийг орлогыг татвараас чөлөөлөх энэ хуулийн заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Татварын ерөнхий газраас ямар ажил хийж байна вэ?

    -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан чөлөөлөлтөө эдлэхэд хялбар байлгах зорилгоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мэдээллийг эрх бүхий байгууллагаас авч банк зэрэг суутгагч татвар төлөгчдөд хүргүүлэх, эсвэл анх хадгаламж нээхэд нь мэдээллийг нь бүртгэж авах заалтыг банкны бүртгэлийн мэдээллийн хуудаст оруулж өгөх боломжийн талаар бид судалж байна.

    -Шинэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн гэсэн үг үү?

    -Тийм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс гадна цалин, хадгаламжийн хүү, бизнесийн үйл ажиллагааны  зэрэг бүх орлогыг хувь хүний орлогын албан татвараас  чөлөөлж байгаа нь тэдгээр хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх, бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжиж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ