УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийг нарыг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж чөлөөллөө. Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцохоор болсон. Уг асуудлыг энэ сарын 8-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлццэж эхэлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан дээрх байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсныг УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг Их хуралд оруулсан билээ.
Харин албаны эх сурвалжийн хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Ийнхүү Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах бус өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөв.
Эхлээд СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 43 гишүүн оролцож, 26 нь дэмжиж, 17 татгалзсанаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэг ажлаас нь чөлөөллөө.
Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийн хүсэлтээр үүрэг ажлаас чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.