Х.Болорчулуун “Оюутолгой”-гоор байнга популизм хийдэг ч үйлдэл хийдэггүй л хүн дээ

Манай УИХ-д Х.Болорчулуун гээд нэг гишүүн байдаг. Мань хүн УИХ-д хоёр дахиа сууж байгаа ч гавьтай хийж гийгүүлсэн юмгүй нэгэн. УИХ-д 7 жил сууж байгаа гэхэд нэг олигтой санаачилсан хууль байхгүй. Ярьдаг юм нь Оюутолгойн гэрээ буруу болсон, том уул уурхайн компаниуд Монголыг идэж сөнөөлөө хэмээн попрох.

2012 оны сонгуулиар гурилын үйлдвэрийн эзэн юм гэсэндээ Дорнодынхны гурилын хэрэгцээний нэг хэсгийг гаргаад сонгогдчихсон азтан. 2016 онд бол нэгэнт ялах нь тодорхой МАН-ын батлахыг өвөртөлж очоод дахиад сонгогдчихсон давхар азтан .

Анх УИХ-д орж ирээд хийх, хэлэхээ мэдэхгүй явахад нь тухайн үеийн “Попын хаан” С.Ганбаатар бие даагчдын зөвлөл хэмээн дагуулан Оюутолгой болоод уул уурхай ярьдаг байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлаж үлдсэн. Одоо ч мөн Оюутолгой, уул уурхай ярьсаар яваа нэгэн. Х.Болорчулуун хэдий УИХ дээр Оюутолгой хэмээн байнга попорч ирсэн ч тус компанийг шалгасан ажлын хэсгийн гишүүний хуралдаа огт суугаагүйг нь Д.Тэрбишдагва гишүүн улалзтал хэлсэн бичлэг сошиалаар дүүрэн байгаа. Өөрөөр хэлбэл, тэрээр популизм хийдэг, хэлж ярьж байгаагаа ажил хэрэг болгоход үйлдэл хийдэггүй гэсэн үг.

Өнгөрсөн хавар бизнес хийдэг  гишүүд нь ЖДҮ-д нэр холбогдоод тэднээс хамгийн гайгүй нь гэж үзээд Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргаар тодруулсан ба түүнийгээ том дарга болчихсон гээд ойлгочихсон бололтой харагддаг. Уг нь гурилын үйлдвэртэй,тариалангийн компанитай УИХ-ын гишүүнийг Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тавьж байна гэдэг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг.

Өөрөө ч ЖДҮ-чин гэдгээ нуудаггүй тэрбээр Байнгын хорооны хурал дээр “Гацуурт” компанийн Л.Чинбат хэдэн охин, хүү компаниараа ТЭДС-ийн тал мөнгийг авчихсан тухай яригдахад  түүнийг өмөөрөөд сүйд байсан.

Бусад үед их л төлөв даруу явдаг Х.Болорчулуун өнгөрсөн даваа гаригаас хойш олны хэл амны загатнааг гаргах шиг болж байна. Оюутолгойн гэрээ, Х.Болорчулуун, Ц.Нямдорж гурав олны сонирхлыг асар их татаж байгаа учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх үеэр Х.Болорчулуун Хууль зүйн сайдыг Оюутолгойн гэрээг өмөөрдөг авлигач гээд зогсохгүй заамдан хүзүү хоолойг нь боосон гэх. Эрүүгийн хуулиар бол боох гэдэг хүнийг алахаар завдсан хүнд ялтай гэмт хэрэг .

Мөн энэ удаа тэрбээр асар томоор бусдыг гүтгэсэн хэрэгт ч давхар ороод байна. Бид Оюутолгойн гэрээ муу болсон, гэрээг хариуцаж хийсэн сайд нар, тухайн үеийн Засгийн газрууд нь гэрээ байгуулахдаа хармаа хоосонгүй байсан гэдэгт итгэлтэй байдаг. Ялангуяа Дубайн гэрээ гэгч бол маш будилаантай асуудал. Гэхдээ Х.Болорчулууны хэлсэн шиг хоёр тэрбум ам.долларын хахууль авчихсан гэдэгт итгэл төрөхгүй байгаа юм. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт , Д.Зоригт, Л.Гансүх нарыг хэтрүүлж гүтгэсэн хэрэг болох байх. Ц.Нямдорж сайдыг Оюутолгойн гэрээг өмөөрөгч хэмээж байгаа нь бол попоос л гарах асуудал. Манайхан, Засгийн газар, УИХ-ын гишүүд ч Оюутолгойн гэрээг засах ёстой гэдэгт санал нийлдэг ч гэрээг цуцалж, “Рио Тинто”-г хөөж явуулна гэдэгт санал нийлдэггүй. Хэрвээ тэгэх юм бол Монгол улс “Олон улсын тавцанд ганцаардана” хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн нь үнэн юм.

Өмнө нь Н.Алтанхуягийн үед Оюутолгойн далд уурхайн ажил зогсоход яаж байлаа. Саяхан Монгол улсыг ФАТФ саарал жагсаалтад оруулсны цаад учир шалтгаан ч “Рио”-той холбоотой хэмээн итгэх хүмүүс цөөнгүй. Тэгээд ч Оюутолгойг хааж, “Рио”-г хөөлөө гэхэд 15 мянган ажилчныг нь ЖДҮ авдаг “Дорнод гурил” ажиллуулаад ар гэртэй нь хамт тэжээж чадах уу гэдэг том асуудал биш үү .

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ