
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх,гавьяат хуульч Б.Сарантуяаг өчигдөр албан тушаалаас нь чөлөөлжээ.
Б.Сарантуяа нь 1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсч, Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч, Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга, Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч, 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн шүүхэд шүүгч, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллажээ. Дараа ньШүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2016 оноос тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сард 17 шүүгчийг чөлөөлсөн. Тэдгээр шүүгчдээс Ж.Оюунтунгалаг шүүгч уг хэрэг явдалд ямар нэг хамаагүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
Мөн одоогоос нэг сар орчмын өмнө бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь Гавьяат хуульч Б.Сарантуяаг хүүтэй нь шалгуулахаар АТГ-т хандсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд Б.Сарантуяа, түүний хүү Г.Даваадорж нарыг Салхитын мөнгөний ордод холбоотой хэмээн мэдээлсэн.
Б.Сарантуяагийн хүү Г.Даваадорж нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилладаг аж.
Б.Сарантуяагийн хүү Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах,Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч,Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Б.Сарантуяа, түүний хүү Г.Даваадорж нарыг асар их “но”-той байж байнга албан тушаал ахидаг,бүр хүүг нь Улсын Дээд шүүхийн шүүгч болох гэж байгаа гэх яриа тархаад байжээ.
Б.Сарантуяа болон түүний хүүг Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажилладаг байхдаа хамгаалж байсан гэдэг.
Тэгвэл ШЕЗ-ийн дарга солигдсоноор Б.Сарантуяад хариуцлага тооцож ажлаасаа чөлөөлөгдөв.Дээрх шүүгчийн гомдлын дагуу Б.Сарантуяа болон түүний хүүг АТГ шалгаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.