ҮХНӨ:УИХ 75 өдөр чуулна, гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татна

УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлаад байна. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйлийн 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

УИХ ийнхүү 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар баталсан.

Тэгвэл Үндсэн хуульд шинээр нэмэгдэн орж буй өөрчлөлтүүд өөр өөрийн гэсэн автортай. Тухайлахад Д.Лүндээжанцангаар ахлуулсан 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ихэнх заалтууд орж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын болон АН-ын санаачилсан заалт бас бий.

Өмнө нь УИХ хэтэрхий цөөхөн хоног чуулдаг хэмээх шүүмжлэл гардаг байсан бол хагас жил тутам 50 өдөр чуулдаг байсныг 75 өдөр болгож нэмээд байна.

Мөн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах зэрэг чухал заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж батлагдаад байна.

УИХ, гишүүдийн үйл ажиллагаатай холбогдсон заалтууд:

27.2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

27.6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

27.7. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

29.3. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

22.3. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд  тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

22.4. Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ