
Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг өнгөрөгч баасан гаригт цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьсон байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрээр тус газрын байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож байсан юм. Энэ талаар тэрээр хэвлэлийн хурал хийхдээ “Дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг эрүүгийн ноцтой гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархсан. Үүнийг би өөрөө хуулийн байгууллагад хандан шалгуулсан. Ингэснээр хуулийн байгууллага намайг гэм буруугүй бөгөөд дээрх мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй, худал болохыг тогтоосон” хэмээж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.