• Я.Содбаатар:Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт Монголын нийгэмд маш том дэвшил авчирна

    2019-11-19

    УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан сэдвээр  ярилцлаа.

    -Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт  Монголын нийгэмд  хэр бодит өөрчлөлтийг авчирна гэж та харж байна вэ?

    -Сүүлийн гурван парламент дамжиж, судлаачид болон мэргэжилтнүүдийн төвшинд үндсэндээ  20 жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж  ярьж ирсэн. 1992 онд баталсан Үндсэн хууль сайн хууль. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлын  үүднээс засвар хийх шаардлага байна гэдэг дүгнэлтийг   судлаачид бүтээлдээ олон удаа дурдсан байдаг.  Ялангуяа, эрх мэдлийн хуваарилалтын төвшинд өөрчлөлт хийх ёстой гэдэг дүгнэлтүүд гарч  байсан. Тиймээс 2016 оны УИХ-ын сонгуульд МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг зүйлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. МАН парламентад олонх болсон  үедээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол парламент холимог байх үед Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн 4 жилд  бид харсан шүү дээ. Өнгөрсөн парламентад Батбаяр нарын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлж байсан. Тэр үед 57 гишүүн нэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлт хийх асуудал өндөр босгыг давж чадахааргүй байсан.

    Энэ удаа МАН эв нэгдэлтэй байж бусад улс төрийн хүчин, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтарч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэндээ таван сар парламентын төвшинд хэлэлцсэн. Бид парламентын төвшинд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусаад гуравдугаар хэлэлцүүлгийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь  зүйтэй юм гэдэг байр сууринд хүрч ард нийтийн санал асуулгыг тогтоолоор баталсан. Ерөнхийлөгчийн институтээс ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гээд хориг тавьсан. Парламент хоригийг хүлээж аваад хоёр дахь хувилбар буюу парламент өөрөө батлах хувилбараар өнгөрсөн долоо хоногт баталлаа.

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Монголын нийгэмд маш том дэвшил авчирна гэж харж байгаа. Анх тавьж байсан зорилгынхоо 70,80 хувийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж чадсан гэж харж байна.

    Анхнаасаа гурав, дөрвөн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, хариуцлага гэдэг зүйлийг тодорхой болгоё. Хаа, хаанаа сахилга хариуцлагыг тодорхой болгож эзэн биетэй болгох хэрэгтэй гэж үзсэн. Нэг талдаа эрхийг нь зааж өгч, нөгөө талдаа үүргийг нь мөн адил зааж өгье. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд хариуцлага хүлээх хамгийн том албан тушаалтан Ерөнхий сайд. Ерөнхий сайд нэг талдаа эрх эдэлж байгаа бол нөгөө талдаа үүргийг нь тодорхой болгосон.   Мөн эсрэгээрээ парламент зарим эрх үүргээсээ татгалзсан. Ерөнхийлөгчийн зарим эрх үүргийг хязгаарласан. Ингэснээр Монгол төрийн хэвийн үйл ажиллагааг хангах, олон жил гацсан гацаанууд арилах байх гэж харж байгаа. Үүнийг дагаад багийн даргаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, сахилга хариуцлага дээшилнэ.

    Хоёрдугаарт, улстөржилтийг багасгах чиглэлээр ахицтай алхам хийх ёстой гэж үзсэн. Улс төрийн намтай холбоотой  тусгайлан заалт оруулж, улс төрийн нам байгуулах босгыг өндөрсгөсөн. Өнөөдөр 801 хүний гарын үсэг цуглуулаад улс төрийн нам байгуулж байгаа.  Одоо сонгогчдын нэг хувь буюу 20 мянган иргэний босго давж байж улс төрийн нам байгуулна. Сүүлийн таван удаагийн сонгуулийг харахад сонгогчдын нэгээс дээш хувийн санал авч байгаа улс төрийн хүчин 3-4  байна.Тэгэхээр 3-4 улс төрийн хүчинтэй Монгол Улс цаашид төлөвшөөд явъя гэдэг ойлголт л байгаа юм. Гурван саяулахнаа улс 30 улс төрийн намтай байж яах вэ дээ.

    Энэ зүйлийг иргэд ч ярьж байна.  Тиймээс улс төрийн намд тавьдаг босгыг өндөрсгөсөн. Ингэснээр улстөржилтийг багасгах томоохон өөрчлөлт орсон гэж харж байна.

    Гуравдугаарт,   Шүүхийн хараат бус байдал. Шударга ёсыг тогтоох ,шударга  нийгмийг бий болгоно гэж яриад байдаг. Үүнийг бий болгох үндсэн суурь нь хууль хүчний байгууллага, шүүх засаглал. Гэтэл шүүх засаглал нь нэг институтээс шууд хараат байдаг. Эргээд томилсон шүүгч нартаа хариуцлага тооцож чаддаггүй. Тиймээс шүүгчийн сахилгын хороог бий болгож, ШЕЗ-ийг байгуулахаар зааж өглөө. Нэг ёсны олон газраас шүүхийг байгуулах оролцоог хангасан томоохон өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр шүүх хараат бус бие даасан байдлыг хангахад том өөрчлөлт гарах байх гэж бид хүлээж байна.

    Дөрөвдүгээрт, Баялгийн хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг оруулсан.30 жилийн хугацаан дахь монголчуудын нэг том зовлон уул уурхайн баялгийг дагаад баян хоосны ялгаа маш их болсон. Уулзсан иргэн болгон “баян хоосны ялгааг багасгаач ээ, цөөхөн монголчууд хоорондоо хөрөнгө мөнгөөрөө хэрэлдмээргүй байна, баялгийн хуваарилалтаа зөв болгооч ээ” гэсэн саналыг хэлж байсан. Тиймээс Үндсэн хуульд байгалийн баялаг, баялгийн хуваарилалттай холбоотой маш том заалтууд орсон. Улс орон хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогоор хөгжих асуудал, гүйцэтгэх засаглалын зөвшөөрсөн хүрээнд төсөв мөнгөө шийдэж баталдаг болохтой холбоотой,  байгалийн баялгаар үндэсний баялгийн сан байгуулж үүгээрээ дамжуулж иргэддээ хуваарилах, аливаа орд газруудын үр өгөөжийн 50-иас дээш хувь нь  Монголдоо ногддог байх гэх мэтчилэн. Нэг ёсондоо баялгийн эзэн нь Монголчууд шүү гэдэг заалтыг Үндсэн хуульдаа баталгаажуулж өгсөн.

    Тавдугаарт, Бүс нутгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг оруулсан. Орон нутгийн болон улсын чанартай хотын статусыг тодорхой болгож өгсөн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн ам нь хотжих үйл явц яваад байдаг гэтэл Үндсэн хуулиараа Монгол Улс ганцхан Улаанбаатар хоттой байна гээд заагаад өгчихсөн.

    Социализмын үед байсан Дархан, Эрдэнэт нь аймаг болчихсон. 21 аймгийн төв байсан хотууд нь сумын төвшинд оччихсон. Сум аймаг нь ялгагдахгүй, тосгон баг нь мөн адил ялгагдахгүй төвшинд байна.  Тиймээс үүнийг нэг талдаа цэгцлэх хуулийн заалтуудыг оруулсан. Энийг дагаад орон нутгийн иргэдийн өмчийн эрхийг зарим нэг төсвийн эрхүүдийг шилжүүлэх заалтуудыг оруулж өгсөн. Ингэснээр орон нутгийн  засаг захиргаа болон нутгийн удирдлагын тогтолцоо илүү боловсронгуй болох чиглэлд том алхам болсон. Энэ мэт нэлээн томоохон өөрчлөлтүүд орсон. Амьдралд хэрэгжээд үүнийг дагасан 30,40 хууль гараад хэрэгжвэл ард иргэд нэг алхам хөгжилд урагшилсан өөрчлөлтийг хийсэн.

    -20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулах заалтыг зарим улс төр судлаачид хэтэрхий өндөр шаардлага байна гэж нэлээн шүүмжилсэн. Үүнээс бага байх боломж байсан уу?

    -Бусад оронд байдаг л жишиг. Нэлээн олон оронд парламентад суудалтай болж байж улс төрийн нам гэж үздэг орон ч байна. Парламентад суудалтай болохын тулд тухайн улс төрийн хүчин сонгогчдынхоо таван хувийн босгыг давдаг байх ёстой гэдэг ч орон байна. Сонгогчдын таван хувийн босго  давж дэмжлэг авсан намыг нам гэж үзэх нь байна шүү дээ. Парламентад суудалгүй улс төрийн хүчинг улс төрийн нам гэж үздэггүй байх жишээтэй. Дани гэх мэтчилэн нэлээн олон орон 20 мянгаас дээш сонгогчдын дэмжлэгийг авч байж нам байгуулдаг. Манайх бол сонгогчдын нэг хувь л гэж байгаа.

    Цөөхөн монголчуудын хувьд аль болох эв нэгдлийг хангах чиглэл рүү л явах ёстой. Бид дотроо олон хуваагдах тусам монголчууд хүчгүй болно. Тиймээс бид эргээд нэгддэг,  нэгдсэн үедээ хүчтэй байж чаддаг байх ёстой.

    Дараагийн нэг шалтгаан нь Улс төрийн намуудын босгыг өндөрсгөхгүй бол улс төрийн намуудын нэр хүнд асар их унасан .

    Сүүлдээ намгүй нийгэм больё гэсэн хандлага бий болж байна. Дэлхийн аль ч улс оронд намгүй нийгэм байхгүй .Гэтэл манайд ийм хандлага бий болж байна. Намуудын гишүүнчлэл, санхүүжилт, дотоод зохион байгуулалт гээд намтай холбоотой олон асуудал маш ойлгомжгүй болсон. Мөнгөтэй хэн дуртай нь нам байгуулж байна.  20,30 жил болсон атлаа намынхаа хурлыг хийдэггүй ганц гишүүнтэй нам хүртэл байна. Энэ байдал нь эргээд нам гэдэг бодлого тодорхойлдог, ард иргэдийг төлөөлөх, парламентад хүн дэвшүүлдэг  улс төрийн хүчин нь өөрөө ойлгомжгүй, тодорхойгүй байж болохгүй. Улс төрийн намын нэр хүнд унахаар төрийн нэр хүнд унадаг. Тиймээс бодлого, үзэл бодлоороо уралддаг, сонгодог улс төрийн намын төлөвшлийг бий болгохын тулд улс төрийн намын босгыг өндөрсгөхөөс өөр арга байхгүй. Улс төрийн намуудад тавьж байгаа шаардлага харьцангуй өндөр байх ёстой. Цаашид гурван сая хүн амтай манай улсад 4-5 улс төрийн хүчинтэй байх зохицуулалтыг л хийсэн.

    -Ерөнхийлөгч дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байх заалт дээр хориг тавих тухай ярьж байна. Хориг тавилаа гэхэд яана гэсэн үг вэ?

    -Үндсэн хууль дээр Ерөнхийлөгчийн хориг яригдвал хуулийнхаа дагуу бид хэлэлцээд явах байх. Гэхдээ энэ удаагийн Үндсэн хуулийг хэлэлцэхдээ бид олон талын оролцоог маш их хангасан. Үндсэндээ 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл гурван парламент дамжиж яригдсан төсөл. Мөн 2016 оноос хойш зөвлөлдөх санал асуулга, ард нийтийн хэлэлцүүлэг, хурлыг аваад үзвэл давхардсан тоогоор 4 сая саналыг хүлээж авч нэгтгэсэн. Нэг үгээр хэлэхэд талуудын саналыг тултал авсан гэж хэлж болно.  Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэг хүний гаргасан саналаар хийгээгүй шүү дээ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн үг үсэг болгоны ард томоохон зөвшилцөл, ойлголцлын үр дүн байгаа. Ерөнхийлөгчийн маш олон санал туссан. “Давхар дээл”-тэй холбоотой асуудал Монголын улс төрд олон жил яригдаж байгаа сэдэв. Парламентаас 20,30 уулаа сайд болоод парламентыг хүчгүй болгодог нэг хувилбар байна. Энэ нь парламент гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харьцааг алдагдуулдаг гэдгийг бид ойлгосон.

    Эсвэл 100 хувь гаднаас байж болно. Гэхдээ мөн  адил парламент гүйцэтгэх  эрх мэдлийн хоорондын харьцааг тасалдаг. Эргээд гүйцэтгэх засаглал, Засгийн газар парламентаар асуудлаа дамжуулж гаргах нөхцөл боломж хаагддаг.

    Тиймээс энэ хоёрын дундуурх хувилбар нь ядахаа ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар давхар байж, Засгийн газрын үндсэн цөм бодлогоо авч явах нь зүйтэй гэж үзсэн. Манайд гишүүдийн тоо цөөн  учраас Засгийн газрын гишүүдийнхээ тоонд хязгаарлалт тавьж өгөх нь зөв. Алтанхуягийн Засгийн газар 17,18 сайдтай огт хязгааргүй явж үзсэн ш дээ. Парламентынхаа гуравны нэг болчхоод байсан учраас парламент нь өөрөө хүчгүй болж,Засгийн газраа даахгүй болчхоод байсан. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог бид бүгд л хамт туучсан. Байж болох олон хувилбарыг тооцож үзсэний үндсэн дээр дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Зөв байх гэж бодож байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ