
Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр буюу аргын тооллын aрваннэгдүгээр сарын 19-ний өдөр нь Бурхан багшийн 33 тэнгэрийн оронд морилон эхийн ачийг хариулсан өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ өдөр эхийн ачийг санаж, буяны үйлд шамдан, амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх, хэрүүл маргаан хийх болон бусад нүгэл хилэнцийг тэвчин буяныг хотол чуулган болгож үйлдэх учиртай. МБШТөв Гандан Тэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Ё.Амгалангийн эцэг,эхийн ачийг санах тухай айлдварыг толилуулж байна.
…Бүхий л үест хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм.
…Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн бол хүүхдээ хөхүүлээд, шөнө уйлахаар нь ухас хийж босож аваад, хуурайлаад, хоолоо идэж чадахгүй болохоор нь өөрөө зажилж аманд нь хийж өгөөд, аль болох цэвэрхэн, хуурай юман дээр хэвтүүлээд л өдөр шөнөгүй аль чадлаараа энхрийлэн өсгөнө. Тэгээд махаа барж, биеэ эцтэл хөдөлмөрлөсөн олз бүхнээ, бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ зориулдаг.
…Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой. Үгэнд нь орох хэрэгтэй. Үр хүүхдээ буруу юманд сургадаг эцэг эх ялангуяа Монголд ховор шүү.
…Бурхан багшийн сургаал номлолын суурь нь энэрэнгүй сэтгэлийн тухай юм. Бодь сэтгэлийг долоон шатлалаар үүсгэдэг. Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан бол миний эх гэдгийг мэд, дараа нь ачийг нь сана, ачийг нь хариул, дараа нь асрамж сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, илүүтэй сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэдэг. Бас нэг бодь сэтгэл үүсгэдэг арга нь өөрийгөө бусдаар сольж боддог. Өөрөөр хэлбэл би зовж байгаа юм чинь тэр хүн ч бас зовж байгаа. Тиймээс тэр хүний зовлон ч арилаасай гэж бодох юм. Энэ хоёр аргаар бодь сэтгэл төрдөг.
Дээдэс бодисадваа нар….
Гандан дуганд Өндөр гэгээний малгайгүй дүр байдаг. Тэр дүрийг Өндөр гэгээн өөрийн гараар бүтээсэн. Бүтээсэн шалтгаан нь Өндөр гэгээн баруун газар ном сурахаар явахад нь ээж нь “би чамайг санана даа” гэсэн гэдэг. Тэгэхэд би өөртэйгээ адилхан нэг дүр бүтээе гэж. Бүтээснийхээ дараа ээждээ үзүүлээд “адилхан байна уу” гэхэд ээж нь “миний хүү инээхээрээ хоёр хацар нь хонхойдог шүү дээ, тэрийгээ мартчихсан байна” гэсэн гэдэг. Тэгээд “өө тийм байна” гээд хацар дээр нь дарсан аж. Та нар Гандан дуганд мөргөхдөө хараарай. Өндөр гэгээн хэчнээн номд явж байгаа гэгээн хүн ч гэсэн ээж минь намайг санаад шаналах юм байна гээд сэтгэлийг нь амарлуулахын тулд өөртэйгээ адилхан нэгийг бүтээгээд явсан байна шүү дээ.
..Богд Зонхова лам бол Гүмбэм хийдэд өсөн торнисон боловч Лхаст очиж ном үзсэн. Ээж нь хүүгээ санаад “чамайг явахад миний үс хар байсан. Одоо буурал боллоо. Надтай ирж уулзахгүй юмуу” гэж захиа илгээсэн гэдэг. Хариуд нь Богд Зонхова лам захиа бичихдээ захиандаа өөрийнхөө зургийг зураад явуулсан. Тэр зураг нь “ээжийн амгаланг айлтгая” гэсэн утгатай байсан бөгөөд одоо ч Гүмбэнд хадгалаатай байдаг гэж ярьдаг. Тэгээд ээж нь “миний хүү ном үзээд ийм сайн болсон бол тэндээ суугаад амьтны тусыг хий дээ” гэсэн гэдэг.
…Буриадад Зандан зуу бурхан байгаа. Та бүхний зарим нь очиж мөргөж байсан байх. Түүнийг Бурхан багш бүтээлгэсэн. Бурхан багшийн ээж нь Бурхан багшийг төрүүлээд долоо хоногийн дараа хорвоогоос хальсан. Тэгээд ээжийнх нь дүү эмэгтэй өсгөсөн гэдэг. Хожим Бурхан багш Ниранзана мөрний эрэгт зургаан жил хатуужилыг эдлэн бясалгаж байх үед нь (өдөрт нэг үзэм идэж байсан гэж ярьдаг) ээж нь зүүдэнд нь ирээд ярилцан “Хүү минь, Би нэг бол замбутивийг эзлэх хаан хүү, эс бөгөөс хамаг амьтныг гэгээрэлд хүргэх гайхамшигт хүү төрүүллээ гэсэн чинь чи яагаад ийм болчихов” хэмээн ээж нь хэлсэн байдаг. Бурхан багш хариуд нь “Та битгий санаа зовоо. Тэнгэрийн орондоо байж бай. Би бээр хамаг амьтныг гэгээрэлд хүргэх сургаал номлох гэж буй. Тэгээд өөрийгөө зовоож, өөрийн амийг хөнөөснөөр нүгэл арилна, тэгээд гэгээрнэ гэдэг буруу үзлийг няцаахын тулд би энд зургаан жил сууж байна. Би таны араас очиж хайлан хийнэ” гэсэн бөгөөд дараагаар нь Бурхан багш гэгээрэлд хүрээд, номоо номлоод, 33 тэнгэрийн оронд очиж хайлан хийхээр болсон гэдэг. Тэгсэн Бурхан багшийг өсгөсөн ээж нь “би хүүгээ их санана байх даа” гэжээ. Тэгэхээр нь бурханыг зандан модоор өөртэйгээ адилханаар бүтээлгэсэн ба түүнийг нь “Зандан зуу” бурхан гэж нэрийддэг. Зандан зуу бурхан энэтхэгт байж байгаад дараа нь хятадад байсан. Манай Хүрээнд гурав хоносон гэдэг. Одоо Буриадад байгаа. Ийнхүү Бурхан багш эхийнхээ ачийг хариулаад тэнгэрээс бууж ирсэн өдрийг монголчууд бид тэмдэглэсээр ирсэн билээ.
..Бурхан багш, Богд Зонхова, бидний нийтийн багш Өндөр гэгээн эцэг эхийнхээ тухайтад хийсэн сайхан үйлс, бас хамаг амьтны тусад хийсэн буян нь мянганаас мянганд, зуунаас зуунд өдийг хүртэл дуурсаж, хадгалагдаж чадаж байна. Бид бол өөрийнхөө тусыг хийгээд л байна. Тухайн үедээ сайн юм шиг боловч өөртэйгээ өнгөрөөд л дуусдаг. Гэтэл бусдын тусад хийсэн буян улам цуурайтаад л байгаад байдаг. Тиймээс ном судар уншсан ч бай, нэг эрих маани уншсан ч бай хамгийн түрүүнд би эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад энэ буяныг хийе гэсэн сэтгэлийг үүсгэх ёстой. Тэгээд буянаа хийж дуусаад энэ буянаа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан төгс гэгээрсэн бурханы хутгийг олох болтугай гэж зориулах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on on that Topic: gereg.mn/news/36468 […]