• Дубайн гэрээ хүчингүй болсноор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсох уу

    2019-11-19

    Өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаад байна.

    “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан.

    Тус шүүхэд өчигдөр 15:00 цагаас “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан болсон нь энэ.

    “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан маргаж буй “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэлийн шаардлагаар:

    1. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
    2. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
    3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн хэрэг юм. Энэ тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн.

    Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үүнтэй холбоотойгоор зогсох уу гэсэн асуудал гарч ирнэ. Оюутолгойнхон саяхан хоёр дахь босоо амаа ашиглалтад оруулсан тухай мэдээлсэн. 1300 метрийн гүн босоо ам болсон тухай ч яригдсан. Тэгвэл энэхүү хоёр босоо амыг бүтээн байгуулах газрын гүнд салаалан ухаж буй хонгилууд зэрэгт нийтдээ 3 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа тухай ч мэдээлсэн.

    Нэгэнт бүтээн байгуулалт хийх зөвшөөрөл олгосон баримт бичгүүд нь шүүхээр хүчингүй болохоор тухайн ажил зогсохоос арагүйд хүрэх биз.

    Мөн УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр ч далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг хүчингүй болгох санал гарсан. Д.Тэрбишдагва нарын уг ажлын хэсгийн хийсэн шалгалт, санал дүгнэлтийг УИХ хэлэлцэлгүй бараг хоёр ч жил болсон хэмээдэг.

    Тэгвэл уг ажлын хэсгийн гишүүд үе үе солигдож ирсэн ч өнөөг хүртэл ямар дүгнэот гаргасан нь тодорхойгүй л байгаа. Саяхнаас шинэ ажлын хэсэг байгуулах гэж байгаа тухай яригдсан. Энэ хооронд Оюутолгойн толгой компаний захирлууд Оюутолгойд байгуулсан гэрээнүүдийг эргэж харж үзэхгүй хэмээн үе үе мэдэгдсээр ирсэн.

    Энэ бүхэн энд хүрээд дэлбэ үсрэх эсэх нь тун удахгүй тодорхой болох байх. Мөн үүнтэй холбоотойгоор Монгол улсад орох олон сая ам.доллар алга боллоо, ажилчид нь ажилгүй боллоо хэмээх хэл ам дэгдэх, үгүй нь сонирхолтой байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ