• ҮХНӨ:Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилно, Засгийн газрын 4 хүртэл гишүүн “давхар дээл” өмсөж болно

    Манай сайт Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиас цувралаар хүргэж байна.

    УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлаад байна. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйлийн 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

    Тэгвэл Үндсэн хуульд шинээр нэмэгдэн орж буй өөрчлөлтүүд өөр өөрийн гэсэн автортай. Тухайлахад Д.Лүндээжанцангаар ахлуулсан 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ихэнх заалтууд орж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын болон АН-ын санаачилсан заалт бас бий.

    Энэ дунд сонирхол татах заалтууд цөөнгүй. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнээр давхар ажиллах явдлыг нийгэмд “давхар дээл”-тнүүд гэдэг.

    Энэ удаагийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй ажиллаж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын 4 хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм.

    Энэ удаагийн ҮХНӨ-ийг дөрвөн категориор хийсний нэг нь “Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой заалтууд” юм. Тэр дунд Засгийн газартай холбоотой дараах заалтууд багтсаны дотор Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын өмнөөс бүх хариуцлагыг хүлээх зохицуулалттай байна. Энэ бүх заалтууд өөрийн бодлого, үйл ажиллагааг Засгийн газрыг тогтвортойгоор хэрэгжүүлэх боломжийг олгох болно.

    Засгийн газартай холбоотой дараах заалтууд батлагдаад буй юм.

    39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно

    39.2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

    39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

    39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

    43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

    43.2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

    44.1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

    44.2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ