
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс дараахь асуултад хариулт авлаа.
–МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Оюутолгойтой холбоотой асуудлыг хөндөж ярьсан. Тодруулбал, Оюутолгойд бараа нийлүүлэх нэрээр өнгөрсөн наймдугаар сараас хойш хоосон контейнер нийлүүлдэг гэх мэдээллийг бүлгийн хурлаар ярьсан гэх мэдээлэл байна. Ийм асуудал яригдсан уу?
-Бүлгийн хурал дээр ийм зүйл яригдаагүй. Харин Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-аас гарах Тогтоолын төслийг бүлгийн хурлаар хэлэлцсэн. 2018 оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад үр дүнгээ тавдугаар сард Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Энэ ажлын хэсгийн санал дүгнэлт дээр тогтоолын төсөл боловсруулах УИХ-ын гишүүн Баттөмөрөөр ахлуулсан 10 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг өнгөрсөн 4 сар гаруй хугацаанд ажиллаж, тогтоолын төслөө боловсруулаад бүлгийн хуралд өнөөдөр танилцуулсан. Тогтоолын төсөл нийт 7 орчим зүйл заалттай байгаа. Нэгдүгээрт, 10 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт өгч, Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого чиглэлүүдийг тогтоолын төсөлд тусгасан. Мөн хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан гэрээнүүдийг цэгцлэх гэх мэт зүйлс тусгагдсан байгаа. Агуулгаараа тогтоолын төсөл Тэрбишдавга гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс гарсан санал зөвлөмжүүдийг биелүүлэх үүрэг даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгч байгаа гэж ойлгож болно. Эдийн засгийн үр өгөөжийн гол тооцооллын суурь болсон баримт бичиг 2010 онд гаргаж байсан ТЭЗҮ нь. Үүгээр Монголын тал төслийн нийт хугацаанд 118 тэрбум долларын борлуулалтын орлогоос 45 тэрбум долларыг авна гэсэн тооцоолол хийсэн. Нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй хувийг Монголын тал авна гэсэн үг. 34 хувиа эзэмшээд цаашид төслөө хэрэгжүүлнэ гэвэл алдагдсан боломжуудаа нөхөж авах гарц шийдлийг хайх ёстой. Хоёрдугаарт, 34 хувийг орлуулах хувилбар байж болно. Ямар хувилбар байх болох вэ гэхээр газрын тосны салбарт түлхүү ашиглагддаг газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар бүтээгдэхүүн хуваах нөхцөлөө ашиглаж болно. Монголын төр 34 хувийг эзэмших, ногдол ашиг хүлээхээс илүүтэй дүйх хэмжээний үр өгөөжийг бусад татварын байдлаар авч болно. Үүний нэг хэлбэр, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр юм.
-Хөрөнгө оруулагч талаас гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэл хэр байгаа вэ?
-Аливаа бизнес хэлцэл байнгын өөрчлөлтөд орж байдаг. Тухайн үед гэрээг байгуулж байхдаа ч гэсэн хамгийн сүүлийн заалтад талууд харилцаж тохиролцож байж энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэдэг заалт байгаа. Тэгэхээр хэдэн ч удаа хэзээ ч өөрчлөлт оруулж болно. Гол нь хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж, тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцаж шийдэж байх ёстой. Төсөл маань дөнгөж хэрэгжиж эхлээд барилга бүтээн байгуулалтынхаа үе шатанд явж байна. Цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээд явахад доод тал нь 50-иас 80,90 жилийн хугацаатай хэрэгжих төсөл. 2009 онд байгуулсан гэрээнд алдаа оноо байна уу гэвэл байгаа. Монголын төр өөрөө тогтворгүй байна. Төрийн албан хаагчид байнга солигддог. Ерөнхийдөө төр өөрөө хүчгүй байгаа цаг үед гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо байхгүй байна. Тиймээс төрийн албаа хүчирхэгжүүлэх ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.