УИХ-ын даргад өгсөн шаардлагынхаа хариуг арваннэгдүгээр сарын 15-нд авна хэмээн мэдэгдсэн Үндэсний фронт хөдөлгөөнийхөн энэ өдөр Төв талбайд ширүүн тэмцэл эхлүүлнэ гэдэгээ ч нуугаагүй.
Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулиас давсан үйл ажиллагаа явуулж, өөрийн эрх ашгийн төлөө бусдын эрх ашгийг хохироох учиргүй. Хөдөлгөөний уриалга, удирдагч хэмээх хүмүүсийн хэлж ярьсан зүйлүүд Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилго агуулсан экстремист шинж чанар агуулж байсан нь иргэдийн хувьд айдас төрүүлж байсан юм.
Зарлагдсан жагсаалын өмнөх өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл Монголын Үндэсний фронт гэх хөдөлгөөнд албан шаардлага хүргүүлж, тусгай эрхтэй болон хууль сахиулах байгууллагууд нийтийг хамарсан үймээн дэгдээх санаа агуулсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж Монголын төр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг ойлгуулж чадлаа.
1990 оноос хойш Монголд цөөнгүй жагсаал цуглаан өрнөсөн. Нийтийг хамарсан жагсаалын дэг нийгэмд тодорхой зорилготой үймээн самуун дэгдээх санаа тээсэн этгээдээс үүсдэг гэдгийг Долдугаар сарын 1-ний хар түүх хэлээд өгдөг. Монголын Үндэсний фронт гэх нэртэй хөдөлгөөний жагсаал энэ гашуун түүхийг ч давтаж мэдэхээр шинж рүүгээ орсон нь олон нийтийг айдаст автуулж, дургүйцлийг төрүүлж байсан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуульд Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, экстремист үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан хүмүүст хариуцлага оноох заалт бий.
ТЕГ-ын дарга Д.Гэрэл Монголын Үндэсний фронтынхонд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авна гэдгээ албан шаардлагаараа дамжуулан мэдэгдэж, экстремист шинж чанартай фронтын үйл ажиллагааг саармагжуулж чадлаа.
Энэхүү шаардлага цагаа олсон бөгөөд нэг талдаа нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахаас хамгаалсан. Нөгөө талдаа хуулийн мэдлэг дулимаг хөдөлгөөнийхөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой заалтуудын дагуу хамгийн багадаа тав, түүнээс дээш 20 жил, бүх насаараа хоригдох ял авах нөхцлөөс урьдчилан сэргийлсэн хэрэг болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.