
Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийг Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнахаар болжээ.
Чингис хаан одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр” жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд гардуулдаг уламжлал тогтсон билээ. Ийнхүү шагнадаг уламжлал 2005 оноос эхэлжээ.
Хамгийн сүүлд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт 2017 онд “Чингис хаан” одонг гардуулж байжээ. Харин 2018 онд өнжөөд байсан юм.
Энэ удаагийн Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг The Hu хамтлаг хүртэх болсон тухай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.