• Намын хөрөнгө,орлогын эх үүсвэр,зарцуулалт нь нийтэд ил тод байна гэсэн Үндсэн хуулийн заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ

    Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр улстөрийн намтай холбоотой гурван заалт орсон бөгөөд үүний хоёр нь маргаашнаас  буюу 2020 оны тавдугаар сарын 25-ноос, нэг нь 2028 оноос эхлэн хэрэгжих юм.

    2019.11.18-нд gereg.mn-д нийтлэгдсэн мэдээг дахин хүргэж байна. 

    УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлаад байна. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйлийн 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

    УИХ ийнхүү 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар баталсан.

    Тэгвэл Үндсэн хуульд шинээр нэмэгдэн орж буй өөрчлөлтүүд өөр өөрийн гэсэн автортай. Тухайлахад Д.Лүндээжанцангаар ахлуулсан 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ихэнх заалтууд орж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын болон АН-ын санаачилсан заалт бас бий.

    Энэ дундаас улстөрийн намтай холбоотой заалтууд Үндсэн хуульд анх удаа орлоо. Гэхдээ улстөрийн нам байгуулахтай холбоотой заалт нь хатуу гишүүнчлэлгүй намтай болох ирэх цагийн улстөрийн шаардлагад нийцэхээргүй болсон хэмээх хэл ам дэгдсээр байна. Улстөрийн намтай холбоотой гурван заалт нь Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан бөгөөд энэ заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ. Мөн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасан бөгөөд үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батална хэмээн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр орсон намтай холбоотой гурван заалт нь:

    • 19.1.1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
    • 19.1.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
    • 19.1.3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно зэрэг юм.

    19-ийн 1.1, 19-ийн 1.3 дахь заалт нь 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжих юм.

    Сонгогч иргэдийн нэг хувь буюу 20 мянган хүн эвлэлдэн нэгдэж улстөрийн нам байгуулах заалтыг “Шилэн нам санаачлага”-ын түншлэгч талууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх үеэр  хуулийн төслийн 19.1 дэхь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг  хэлэлцэж дэмжсэн нь 3 дугаар хэлэлцүүлгээр ч дэмжигдэн батлагдаад байна. Уг нь “Шилэн нам санаачилга”-ынхан энэхүү заалт нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалах бус хязгаарлалаа гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нам байгуулагдахаар эвлэлдэн нэгдсэн гишүүдийн тоо 20 мянга байна гэсэн шалгуур нь намын хатуу гишүүнчлэлийг тулган хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэслэл болсон байна гэж үзэж байлаа. Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 улстөрийн нам үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр намууд “Улс төрийн намын тухай хууль”-д заасны дагуу 801-ээс дээшгүй гишүүний бүртгэлтэйгээр байгуулагдсан байдаг. Дээрх заалт сонгогчдын 1 хувь хүрэхгүй тооны  гишүүнчлэлтэй улс төрийн 29 намыг тараах эсвэл нэгдэхийг шахсан заалт” гэж байлаа.

    Түүнчлэн сонгогчдын 1-ээс дээш хувийн гишүүнчлэлтэй гэх МАН, АН, МАХН, Эх орон нам, ИЗНН , БНН зэрэг намууд улс төрийн сонгуульд оролцох боломжтой гэсэн утга бүхий эрх зүйн зохицуулалт болсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

    Тиймээс Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт хүний эрхийг хязгаарласан заалт нэмж байгаа нь зарчмын хувьд зөрчилтэй, Үндсэн хуулийн үзэл санааг дордуулсан байна, Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн ардчилсан орон болохын хувьд цаашид улс төрийн намтай холбоотой эрх зүйн шинэчлэлийг хийхдээ “Улс төрийн намын эрх зүйн Венецийн удирдамж”-ийн зарчмуудыг баримталж, дээрх заалтыг  хасах шаардлагыг УИХ-ын гишүүд, УИХ  дахь МАН бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл, Үндсэн хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн хүргүүлсэн.

    Ардчилсан орнуудад Үндсэн хуульдаа улс төрийн нам байгуулахад гишүүдийн тоотой холбоотой шалгуур тавьсан улс орнууд байхгүй төдийгүй нам байгуулагдахад тавигдах шаардлагыг Үндсэн хуульд бус Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг гэдгийг онцолж байсан.

    Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлагсад тэдний шаардлагыг хайхарч үзсэнгүй. Харин ч Ерөнхийлөгч Х.Баттулгын нам байгуулах гишүүдийн тоог 50 мянга гэж заасныг багасгаж, 20 мянга буюу нийт сонгогчдын нэг хувь болгож баталлаа хэмээн хандсан.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ