Ирэх онд нэмэгдэх НДШ-ийг эсэргүүцэж МҮЭХ жагсаж байна

2019-11-15

Ирэх онд хоёр хувиар нэмэгдэх НДШ-ийг эсэргүүцэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод Сангийн яам, ХНХЯ-ны гадаа жагсаж байна.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр “Засгийн газар 2020 оноос татвар, НДШ-ийг нэмэхгүй байх  асуудлыг эргэж харна гэсэн амлалтаасаа ухарлаа. Энэ амлалтаа хэрэгжүүлсэнгүй. Ирэх онд  цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гээд тодорхой хэмжээний мөнгийг төсөвт суулгасан. НДШ-ийн хувь хэмжээг нэмэх юм бол энэ нэмэгдэл биш болно. Харин ч хорогдол болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэд хөдөлмөрчидтэйгөө хамтарч ажиллах, тэдний эрх ашгийг хамгаалахыг албан тоотоор хүргүүлж байна. Хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид байгаа” гэлээ.

НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг 2017 онд хуульчилсан  байдаг.

2016 оны сүүлээр улсын эдийн засаг туйлдаа хүрсэнтэй холбоотойгоор манай улс 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт  хамрагдаж байв. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх үндэслэл болсон билээ.

Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.

Тодруулбал,

  1.  2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлсөн
  2. 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлсөн
  3. 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөхөөр болж байгаа юм.

Ингэснээр иргэд цалингийнхаа 26 хувийг ганцхан НДШ-д төлөх юм. Хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал  зэрэгтэй нийлээд үндсэндээ 35 хувийг суутгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн цалинтай хүн 35 хувь буюу 350 мянган төгрөгийг татварт суутгуулж, гар дээрээ 650 мянган төгрөг авна.

Салбарын сайдын хувьд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг арилгахын тулд НДШ-ийг нэмж байгаа гэх тайлбарыг өгсөн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ