ТЕГ, ЦЕГ-аас сэтгүүлчдийг тагнаж чагнаагүй хэмээх хариу ирүүллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан Ёс зүйн форумын үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар сэтгүүлчийг хууль бусаар тагнаж чагнасан асуудалд ЦЕГ-ын ажилтнууд холбогдсон хэргийг ТЕГ-т шалгаж байгаа тухай мэдээллийг хэлж, үүнд салбарын зүгээс анхаарлаа хандуулахыг сануулсан билээ.

Тэгвэл жил хагасын өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийхдээ прокурорын газарт дээрх асуудлаар нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан шалгах саналыг ТЕГ-аас ирүүлсэн талаар дурдсан бөгөөд үүнийг тодруулахаар МСНЭ-ээс ханджээ.

МСНЭ болон салбарын мэргэжлийн зарим холбоод хамтран 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж чагнасан” гэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, Хууль зүй дотоод хэргийн яам, ТЕГ, Нийслэлийн Прокурорын газар, ЦЕГ, зэрэг холбогдох байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн байна.

Бичгийн хариуд, Тагнуулын Ерөнхий Газраас Тагнуулын байгууллагаас сэтгүүлчдийг шалгах аливаа ажиллагаа явуулаагүй бөгөөд олон нийт цахим сүлжээгээр тараад буй “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж чагнасан” гэх асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус зааснаар прокурорын байгууллагаас мэдээлэл авна уу” гэсэн хариу өгчээ.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас “Сэтгүүлчдийг тагнасан чагнасан” гэх мэдээлэлтэй холбогдуулан МСНЭ-ээс ирүүлсэн шаардлагын дагуу холбогдох асуудлыг судалж үзлээ. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд холбогдуулан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаагүй, энэ талаар гомдол, мэдээлэл ирсэн, шалгагдсан тухай бүртгэгдээгүй бөгөөд энэхүү мэдээлэл нь бодитой бус болохыг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг ирүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ