Архангай аймагт сураггүй алга болсон 34 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

2019-11-14

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд орших Хагийн нуур хэмээх газарт тус сумын харьяат иргэн 34 настай С  энэ сарын 8-ны өдрийн 14.00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болжээ. Энэ дуудлагыг арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 10.20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, тус сумын 10 иргэн, ар гэрийн 14 иргэн, нийт 32 хүн, нэг нохой, 4 автомашин, 6 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан эрлийг эхлүүлжээ.

Нэгдүгээр бүлэг Хагийн нуур хэмээх газраас баруун зүгт “Цав”, “Таван модот” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар, хоёрдугаар бүлэг Хагийн нуураас баруун урд зүгт “Хадат булган”, “Хавцал”, “Залаат Сэрвэн” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинаар, гуравдугаар бүлэг “Хагийн нуур” гэдэг газраас урд зүгт “Шар булган”-ы ой хүртэл 5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон байна. Энэ сарын 14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ