С.Бямбацогт: Жагсаалт гэхээр л 2012 оны сонгуулийнхтай адилхан гэж ойлгоод байна, нам дугуйлахгүй, хүн дугуйлна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа юм.

Ё.Баатарбилэг:  Төрд итгэх итгэл багассаныг Үндсэн хуулиас боллоо гэдэг. Өнгөрсөн хугацаанд гарсан бүхий л болохгүй, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуультай холбож тайларладагатай санал нэгддэггүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд нэлээд чухал байсан. Орон нутагт удирдлагаа сонгоход тэнд талцал, жалга довны үзэл маш их гардаг. Тэр бүхнийг өөрчлөх, засах заалтууд орж ирсэн. Гэвч босго давсангүй. Үндсэндээ аймаг, сум, орон нутгийн асуудлыг хаялаа. Зөвшилцөл гээд ажлын хэсэг гардаг. Зөвшилцлөө гээд баахан юм оруулж ирдэг. Гуравдугаар хэлэлцүүлгээр ингэж баахан санал нэмэх боломжтой юм уу. Дараа нь Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дээр очих юм биш биз. Зөвшилцөл явсан юм бол орон нутгийн асуудлыг яриагүй юм уу. Маш чухал зөвшилцөл гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлье л гэдэг санал гаргасан байна. Баахан гацааж, бойкот хийсэн. Ердөө л энэ үү. Одоо 2024 он болох гэж байх шиг байна. Яваандаа 2020 он болж магадгүй шүү. Хэрвээ 2020 он болчихвол хэн хариуцлага хүлээх вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр санал журмын тухай хууль зөрчиж байгаа юу гэж асуусан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотой холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр тодорхой зүйл заалтыг дахиж ярих боломжийг нээж өгсөн. Тиймээс журмын тухай хууль зөрчихгүй. Ингээд бусад нам, Ерөнхийлөгчийн саналуудыг эргэж харъя гэсэн юм. Жагсаалт гэхээр л 2012 оны сонгуулийнхтай адилхан гэж ойлгоод байна. Ард түмний өмнө очих нүүргүй болсон хэдэн хүн жагсаалтын ард нуугдах гээд байна гэж хардаж эхэллээ. Нам дугуйлахгүй, хүн дугуйлна. Нэг хэсэг нь аймаг, орон нутгийн тойргоосоо сонгогдоно. Нөгөө хэсэг нь нийт ард түмнээс сонгогдоно. Жагсаалтад байгаа гишүүдээс ард түмэн дугуйлж, сонгох юм. Улс орны эрх ашиг ярьдаг гишүүдтэй болмоор байна. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд дахиж сонгогдох, тойрогтоо хөрөнгө оруулалт татахын төлөө л ажилладаг.  Тиймээс өөрчлөх болсон.

Орон нутагтай холбоотой асуудал хаягдчихлаа гэж байна. Сумын улстөржилтийг болиулъя, Засаг даргыг нь ард түмнээс сонгоё гэсэн санал оруулж ирсэн. Гэхдээ цаг хугацаа нь одоо биш гэж үзсэн. Органик хуулиар зохицуулаад, шийдэх боломжтой гэж үзэж хойшлуулсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн хуулийн заалт яг баттай хэвээр үлдэх үү гэдгийг баталгаатай хэлээд өгөөч ээ. Холимог гэхээр л нөгөө ажлаа хийдэггүй, намыг муу нэртэй хутгасан хүмүүс жагсаалтын ард нуугдах вэ гэж болгоомжлоод л байна. Өнгөрсөн хугацаанд олон асуудал үүссэн. Тиймээс Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх нь зөв. Үнэндээ УИХ дэндүүд их томилгоо руу ордог. Тиймээс хүн томилох болохоор л зарим гишүүд орж ирдэг. Үүнийг би өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.  УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох. Хариуцлагагүй байвал буцаагаад асуудал ярьдаг, тооцох хариуцлагаа тооцдог заалтууд орж ирж байгаа нь ч сайн байна.  Хариуцлагатай холбоотой заалтуудыг Үндсэн хуульд хэр оруулж өгөв гэдгийг л нийгэм харна. Байгалийн баялаг нэг хэсэг хүнд очдог биш төр, ард түмний өмч шүү гэдэг заалтыг баталгаажуулж өгсөн заалт оруулсан. Энэ ч гэсэн давуу тал.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол онцлог УИХ-ын хязгааргүй эрхийг хязгаарлаж байгаа.  УИХ Засгийн газрын сайд нарыг томилдог, огцруулдаг байсан. Тиймээс УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудыг дарамталдаг, миний асуудлыг шийдэхгүй бол огцруулна гэж айлгадаг байсныг өөрчилж байна. Төсөвт юу хамаагүй суулгаж өгөхийн төлөө гишүүд зүтгэдэг байсныг ч бас болиулсан. Гэх мэтээр маш олон хэрэгтэй өөрчлөлтийг хийж өгч чадсан.

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд хариуцлага тооцдоггүй байсан. Одоо бол Үндсэн хууль зөрчсөн л бол хариуцлага тооцно.

УИХ-ын гишүүн Л.Болд: Би нэг зүйлийг байнга эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй болох. Нөгөө талаар сумын Засаг даргыг сумын иргэдээс сонгодог болох асуудлыг би бас эсэргүүцсэн.  Нэлээд хэлэлцсэний эцэст энэ асуудлуудыг нааштай шийдсэн. Нэгэнт ард түмний санал асуулгыг явуулахгүй болсон учраас гишүүн бүр тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзсан. Бүх саналыг нэг бүрчлэн хэлэлцүүлсэн. Хороо бүрт хэлэлцүүлж, санал хураалгасан. Ерөнхий сайдад Засгийн газраа бүрэлдүүлэх эрх олгохоор болсон. Би үүний эсрэг байдаг. Социализмын үед ийм л байсан. Ардчилсан нийгмийн үед Засгийн газрын гишүүд УИХ-ын хяналтад байхад болохгүй юмгүй гэж боддог. Гэхдээ ард түмэн энэ саналыг дэмжсэн.

Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохыг манай тойргийн сонгогчид 100 хувь эсэргүүцэж байна. Мөн сонгуулийн холимог тогтолцоог маш хүчтэй эсэргүүцсэн. Хоёр өөр зарчимтай гишүүн УИХ-д суухыг ард түмэн эсэргүүцэж байна. С.Бямбацогт гишүүн их буруу тайлбарлаж байна, бөхөөр жишээд, аймаг, улсынх ч гэх шиг. Бүх гишүүн адилхан эрхтэй байх ёстой. Энэ зарчим алдагдах гээд байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг би дахиад л тайлбарлая. Мажоратори тогтолцоогоор сонгууль явуулахаар сонгогчдын санал гээгддэг. 5 хүн өрсөлдөхөөр нэг нь 28 орчим хувийн санал аваад явчихдаг. Үлдсэн 72 хувийн санал орхигддог. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Гишүүдийн эрхийг хуваах гээд байна гэж ойлгоод байх шиг. Тийм биш, сонгогдсон гишүүн болгон өөрсдийнхөө тойргийн эрх ашгийг ярина. Гэхдээ бидэнд улс орны хэмжээний асуудал ярьдаг гишүүд хэрэгтэй л байгаа юм. Тэд улс орны хэмжээний асуудал ярина гэхээр бусдыг нь мартана гэсэн үг биш шүү дээ.

Улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг эргэж хараач гэдэг санал маш их ирсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр энэ асуудлыг хөндсөн. Гэхдээ хэт их олон асуудал яриад, Үндсэн хуулийн өөрчлөлтөө унагах вэ гээд эргэж харах боломжгүй гэж үзсэн. Улс төрийн нам гэдэг хувьцаат компани, ТББ биш. Улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг барих боломжтой. Тиймээс сонгогчдын нэг хувь буюу 20 орчим мянган дэмжигчтэй бол гэдэг байдлаар оруулж ирсэн. Энд хатуу гишүүнчлэл гэж яриагүй.  Иргэдийн эвлэлд нэгдэхийг хязгаарласан асуудал огт байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Би хоёр зүйлд их харамсаж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Гэтэл  Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан. Энэ өөрчлөлтийг хийх шаардлага байгаа учраас гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжиж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр унасан.  Хөгжсөн улс орнуудын засаглалын хэлбэр тодорхой. Сонгодог парламенттай улс л хөгжиж байна. Гэтэл  одоо засаглалын хэлбэр тодорхой биш хэвээр үлдлээ. 2020 онд УИХ-ын сонгууль болно, баахан юм амална. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, түүнээс ч илүү амлалт өгнө. Ингээд л сонгуулиас сонгуулийн хооронд жаахан эдийн засаг сөхөрч гүйцлээ.  Надад асуулт байхгүй, үгээ хэллээ. Гуравдугаар хэлэлцүүлгээ яаралтай хийе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ