
Өчигдөр УИХ-аар 2020 оны улсын төсвийг баталлаа. Гэхдээ төсвийн тухай хуулийг батлахаасаа өмнө АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэж батлаад явья гэсэн байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2020 оны төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Өмнөх байр суурь дээрээ байгаа. Олон улсад байдаг ном журмынх нь дагуу АМНАТ-ийг авдаг байх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар барьж байгаа. Төсөв батлахаас өмнө орлого талаа тодорхой болгохгүй бол 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй тул хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна” хэмээсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “АМНАТ-аар МАН-ын бүлгээс завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссанаа мэдэгдээгүй. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байхгүй, нэгдсэн байр сууриа бичгээр илэрхийлдэг баймаар байна” гэсэн тайлбар өгснөөр асуудлыг хэлэлцээд ийнхүү баталсан юм.
Сангийн сайдын хэлснээр орлого нь 1.3 их наядын алдагдалтай төсвийг баталснаараа УИХ Ерөнхийлөгч Х.Баттулгаар дахин нэг хориг тавиулж байж асуудлаа зөв голдиролд нь оруулахаар болов бололтой.
Үүнээс гадна Засгийн газраас оруулсан төсвийн төсөл УИХ-д ороод танигдахаа байгаад гарч ирдэг нь энэ удаа ч давтагдав бололтой. Засгийн газраас өргөн барьсан төсөвт 275 тэрбумын өөрчлөлт орсон тухай МАН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Энэ нь эргээд асуудал дагуулж болзошгүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.