• С.Бямбацогт:Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн төсөлд 50 мянган хүн нам байгуулахаар тусгасныг 20 мянга болгож бууруулсан

    2019-11-13

    “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг  төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай өгүүлбэрийг нэмэх гэсэн ажлын хэсгийн дэмжсэн саналаар санал хураалт явуулахад Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжсэн.

    Санал хураалт явуулахаас өмнө гишүүд асуулт асууж үг хэлсэн.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

    -Сонгуулийн насны иргэдийн нэг хувиар нам бүртгэх тухай асуудал байгаа. Энэ заалт батлагдаад намтай холбоотой хэсэг орохоор хэзээнээс эхэлж хэрэгжиж эхлэх юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхлээд явахад энэ заалт ирэх сонгуульд хамаарах уу үгүй юу. Энэ асуудал дээр тодруулж хариулт авмаар байна?

      Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

    -Бидний өргөн мэдүүлсэн төсөлд нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн зохицуулалттай байсан. Одоо өөрчлөгдөж улсын хэмжээний бодлого явуулна гэж орсон. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр намын бүтцийг нэлээн өргөн хүрээтэй болгосон байсан. Тиймээс улсын хэмжээнд бодлого дэвшүүлнэ, мөрийн хөтөлбөртэй байна. Заавал аймаг сум бүрд нэгж бүтэцтэй байх шаардлагагүй гэсэн томьёоллоор өөрчилсөн.

    Хоёрдугаарт, сонгуулийн насны эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд намыг эвлэлдэн нэгдэж байгуулна гэдэг заалтыг хатуу болчихлоо гэсэн асуудлыг ярьж байна. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн төсөлд бүр хатуу 50  мянган иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэснийг  нь бууруулсан.

    Үүнийг хатуу шаардлага гэж үзэж,  зөвшилцлийн явцад болон улс төрийн намуудтай хийсэн хэлэлцүүлгүүдийн дүнд 1 хувь буюу 20 орчим мянган иргэн эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулна гэж тусгахаар болсон. Энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа. Нэг талаас борооны дараах мөөг шиг олширсон намуудыг цэгцэлнэ, зохион байгуулалтад оруулах боловч хэтэрхий өндөр шалгуурыг бууруулж, 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалтыг  оруулж ирсэн. Энэ заалт ирэх оны сонгуулиар хэрэгжихгүй, 2024 оноос хэрэгжиж эхэлнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ