• Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх заалтыг О.Баасанхүүгээс бусад нь дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар  хэлэлцүүлгийг  хийж байна. Хуралдаанаар АН-аас оруулж ирсэн шинэ заалт буюу Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг заалтаар асуулт асууж үг хэллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр унасан  “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгыг ҮХНӨ-т тусгах санал хураалтаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь дэмжсэн юм.

    УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат:

    -АН гуравдугаар хэлэлцүүлэгт орохын өмнө гурван зарчмын санал тавьсан. Нэгдүгээрт, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг байх, хоёрдугаарт сонгуулийн холимог тогтолцоотой байх, гуравдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх гэсэн саналыг гаргасан. Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах саналын томьёоллыг  дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналаас хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна. Ингэхгүй бол бүгдийг нь хураагаад явчхаар нөгөө тийш дарчих магадлал өндөр байна гэж хардаж байна.

     УИХ-ын гишүүн О.Баасанхүү

    -Барын амнаас гараад арслангийн аманд орно гэдэг болж байна. 1996-2000 онд фракц гэдэг зүйл Монгол Улсад бий болсон байдаг юм.  2002-2004 он МАНАН, 2004-2012 онд МАНАН бүлэг, 2012-2016 онд шинэ МАНАН  гэж юм үүссэн. Шинэ МАНАН  гэдэг нь гишүүд хоорондоо худ ураг болж,  урлаг төрлөөрөө холбогдож, төрийг хувьчилж авах гээд байгаа энэ үед засаглалын тогтолцоонд гар хүрч байна. Намын дарга нь Ерөнхий сайд байх юм байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа томилно. АН-д эмгэнэл илэрхийлье. Ардчилал, эрх чөлөөг тунхаглана гээд гарч ирсэн. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй. Зарим сайдууддаа хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Засгийн газрыг намд хувьчилж өгөх нөхцөл байдал үүсчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийж байна. Энэ хуйвалдаандаа МАХН-ыг татан оролцуулаагүйд талархлаа. Хүн өгзөг барьсан байвал огцруулахаас өөр яах юм. ҮХЦ-ийн дарга нь тийм зүйл хийж л байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаад “намайг сайн ажилласан гэж  сайшаасан” гээд элгийн юм яриад явж байна. Жинхэнэ утгаараа нэг хүнийг барьцаанд оруулах нөхцөл бүрдэж байна. Эсвэл Ерөнхий сайд парламентыг тараадаг эрхтэй болго.

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

    -“Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” заалтыг Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд байсан заалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдал УИХ, бүлэглэл, фракцад таалагдаагүй хүнийг оруулж ирэхгүй бол асуудал болдог.Оруулаад ирсний дараа 14 сайдын 2 сайд нь муу ажиллаад тэдний асуудлыг УИХ-д оруулахад бүлэглэл, фракц нь хамгаалаад үлддэг.Тиймээс Ерөнхий сайд өөрийнхөө толгойгоор парламентын өмнө хариуцлага хүлээдэг байя, өөрөө сайд нартаа хариуцлага хүлээлгэдэг байя гэдэг агуулгаар энэ олон жил яригдсан.Ерөнхий сайддаа захирагддаггүй, том толгойтой олон сайд байдаг. Тиймээс Ерөнхий сайдыг эрх мэдэлтэй байлгах нь зүйтэй гэж үзсэн.

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

    -Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж,чөлөөлнө гэдэг саналыг дэмжиж байгаа. Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл өргөн хүрээтэй болж байгаа. Их эрх мэдлийг дагаж их хариуцлага нэмэгддэг гэдэг.  АН гурав дахь саналаа татаж байгаа юм уу. Зөвшилцөх ажлын хэсэг дээр гурав дахь санал нь унаж байгаа бол буруу. Амьдралын туршлагаас харахад засаглалын тогтворгүй байдлын үүдэл нь  Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын эрх мэдэл тодорхой бус байдагтай холбоотой. Энэ зөрчил одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын үед бий болсон ч юм биш. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх хууль оруулж батлуулсаар байгаад ийм болсон. Би судалгаа гаргуулсан. 46 хуулиар УИХ Ерөнхийлөгчид олгох эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгсөн байна. Үүнээс болж гүйцэтгэх засаглалтайгаа эрх мэдлээ булаацалдах зүйл рүү Ерөнхийлөгчийн институт өөрийн эрхгүй орсон. Хэрэв болдог сон бол энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ хоёрыг салгах шаардлага зайлшгүй бий.

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

    -Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх АН-ын саналыг дэмжиж байгаа. Монгол Улс парламентын засаглалтай байя л гэж байгаа бол парламентын засаглалын онол, дэлхийн нийтийн жишгийн дагуу явах хэрэгтэй. Өнөөдөр манайд сайд нараа оруулж  ирж, хариуцлага ярьж чаддаггүй.  УИХ дээр улс төр болоод танхимаар доргих асуудал болчихдог учраас үе үеийн ерөнхий сайд нар танхимын сайд нараа оруулж ирэх асуудалд жийрхэж ирсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг олон парламент дамжиж ярьсан.

    Ингээд “Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ” гэсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 93.8 хувиар саналаар дэмжигдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ