• Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарыг шүүх хурал хойшиллоо

    Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын /ННҮГ/ дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.

    Мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсний эцэст эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцоолж, яллах дүгнэлт үйлдүүлэн, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Тэдний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хуралд оролцогч хүсэлт гаргасны дагуу энэ сарын 19-ны өдрийг хүртэл хойшиллоо.  Тэдэнд эрүүгийн хуулийн  22.1.2, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

    Хэргийг эргэн сануулахад, Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

    Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хэрэгт сэжиглэгдсэн юм.

    Хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сард АТГ-ын газрын ажилтнууд “Хангарьд” ордны 8 давхарт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилж байв. Ордны наймдугаар давхарт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэгжлэг хийсэн өрөөнөөс  70 орчим сая төгрөг бэлнээр хураан авч байсныг хэвлэлүүд мэдээлж байв.

    Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар мэдээлэгдэж байв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ