• “Хишиг арвин”, “Хүннү Эйр” компаниуд үхэгсэдийн ясыг өндөлзүүлж, үлдэгсэдийн сэтгэлийг сэмлэсээр байх уу?

    Хувийн хэвшлийн  компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хөлийн дор гишгэсний  улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж,  эрүүл мэндээрээ хохирсон олон жишээ сүүлийн өдрүүдэд ил болж, олныг бухимдуулж байна. Эдгээр жишээ баримтаас ердөө гурвыг энд өгүүлье.

    Баримт 1: Ажилтнаа архи ууснаас болж амь насаа алдсан гэх шүүх эмнэлгийн  дүгнэлт  гаргуулсан “Хишиг арвин”ХХК

    Ажилтнаа архи ууснаас болж амь насаа алдсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан “Хишиг арвин”ХХК-ийн хуншгүй зан, тус компанийн нөлөөнд орсон шүүх эмнэлэгтэй тэмцэж буй иргэн Б.Болороогийн тэмцлийг олон нийт нийтээрээ дэмжиж байна.

    Харамсалтайгаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд Сүхбаатарын талбайд ээжтэйгээ хамт 12 хоног суулт зарласан иргэн Б.Болороо өчигдөр суултаа зогсоосон. Түүний хувьд шүүхийн шинжилгээний хариу буруу гарсан гэж үзэн, хариуг  зөв гаргатал суулт хийхээ мэдэгдээд байсан билээ.

    Түүний нөхөр энэ оны зургадугаар сарын 17-19-нийг хүртэл тус компанийн эзэмшлийн орон сууцанд  хамгаалагчаар ажиллаж байсан. 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй. Үүнээс хойш сураггүй байсаар долдугаар сарын 8-нд лифтний хонгилоос нас барсан байдалтай олдсон. Компанийн зүгээс ажилтнаа ажлын байран дээрээ архи ууж, түүнээс болж нас барсан гэх тайлбарыг өгсөн байдаг. Ийм утга бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт ч гарсан. Улмаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуу байсан гэж гарчээ.

    Мөн хэргийг шалгаж байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс маш хойрго ажилласан гэдгийг иргэн Болороо хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн билээ. Нөхөр нь яаж нас барсан талаарх бичлэг байсаар байхад ар гэрийнхэнд нь үзүүлэлгүй нэг сар нуусан, тус компанийн ажилтан М гэх эмэгтэй хамгийн сүүлд хохирогч руу залгаж “лифтэнд хүн гацсан байна, гарга” гэж яриад лифтний түлхүүр өгснөө нуун дарсан гээд олон ноцтой зөрчил бий. Хэрэв  М гэх эмэгтэй хамгийн сүүлд ярьснаа нуулгүй хэлсэн бол нөхрөө тэгэж харамсалтайгаар амь насаа алдахгүй байсан гэдэгт Болороо итгэдэг.

    Б.Болороо өчигдөр суултаа зогсоосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын дарга А.Баатаржавын хамт суулт хийж  байгаа иргэнтэйгээ ирж уулзан, шүүх эмнэлгийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчдээр дахин шалгуулах,мөн хэргийг эхнээс нь дахин шалгуулахаар болсон.

    Ерөнхий сайдтай уулзах үедээ Б.Болороо “Шүүх эмнэлгийн балиар үйл ажиллагаанаас болж нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн буруу болдог тогтолцоо Монгол Улсад тогтсон байна. Танд шууд хэлэхэд шүүх эмнэлгийн бүх шатны хүмүүст хариуцлага тооцож, солих хэрэгтэй. Яагаад нэг айл хүнээ алдчихаад байхад тэр нь хохирогчийн буруу болгож хэрэг болгоныг хаагаад сурчихсан юм бэ.Миний зүгээс өнөөдрийг хүртэл суулт хийж байгаа хамгийн том шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин хийлгэж, зөв гаргуулах” гэсэн юм.

    Баримт 2:Иргэний нисэхийн салбарт гарсан осолд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй,  хохирогч нэг сар ухаангүй байна

    Өнгөрсөн сарын 13-14-нд шилжих шөнө “ХҮННҮ ЭЙР” компанийн газрын техникийн үйлчилгээний ажилтан 23 настай М онгоц хучиж байхдаа 3.6 метрийн өндрөөс унаж тархиндаа хүнд гэмтэл авсан. Эмч нар хохирогчид  SEVS /тархи тэр чигтээ цус хуралт, харвалттай/  DAP /тархины эд эс гэмтэж, ажиллагаагүй болсон/ гэсэн хоёр онош тавьсан байна. Улсын онцгой бүсэд ажлын байрны осол гарч, хүний амь нас яригдаж байхад өнөөг хүртэл холбогдох байгууллагууд нь үнэн бодит мэдээллийг өгч, арга хэмжээгүй аваагүй байсаар байна.

    “ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийнхан осол болсон даруйд ажилтнаа өндѳрөөс унасныг нуун “Чингис Хаан” олон улсын нисэх буудал руу “манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгсөн нь ослыг нуун дарагдуулж, хохирогч эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг буруу авахад хүргэсэн ноцтой зөрчлийг гаргасан. Цаашлаад хохирогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй онгоц хучих ажлыг гүйцэтгэж байхдаа гэмтсэн. Агаарийн тээврийн том хөлгийг яагаад машин хучдаг шиг хучдаг байв. Иргэний нисэхийн олон улсын  байгууллага  ИКАО-ийн дүрэм, стандартад онгоцыг зориулалтын Ангаар буюу барилга байгууламжид хийх ёстой гэж заасан байдгийг  манай улсын иргэний нисэхийн салбарынхан зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон.

    Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдлыг мөрдүүлээгүй   нь “ХҮННҮ ЭЙР” ХХК  боловч олон улсад мөрдөгддөг иргэний нисэхийн дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, үүнд хяналт тавих  ёстой ИНЕГ  үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.

    ИНЕГ нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага ИКАО-ийн стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.

    Иргэний нисэхийн салбарт  хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой осол гараад нэг сарын хугацаа өнгөрч байхад дорвитой шийдэл гарсангүй, өнөөг хүртэл салбарын хэмжээнд хариуцлагын талаар яригдсангүй. Осол гарснаас хойш өнөөг хүртэл тус компани онгоцоо хучсаар л байгаа. Энэ мэт алдаа дутагдлаа засаж залруулахын оронд дээрх хоёр байгууллагын аль, аль нь хариуцлагаас мултрахыг оролдож байна.ИНЕГ ослыг авиа компанийн буруу болгох гэж байгаа бол “ХҮННҮ ЭЙР” тархиндаа хүнд гэмтэл аван ухаангүй сар болж байгаа  байгаа ажилтныхаа буруу болгохоор бэлдсэн байдаг.

    Энэ талаар  тус компанийн  үйлдвэрлэлийн осол,  гэмтлийн талаар судалж бүртгэсэн актан дээр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал хүнд, тархины гэмтэлтэй, үйлдвэрлэлийн осол гарахад  хүргэсэн шалтгаан, хүчин зүйл нь хальтирч, хөл алдсан гэж үзэн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөөгүй, тусгай хамгаалалтын хэрэгсэл, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаагүй”  гэж комиссын гишүүд дүгнэлт гарган гарын үсэг зуран тамгалжээ.

    Тусгай хамгаалалтын хэрэгсэл гэдэгт аюулгүйн бүс, каск зэрэг орно. Хохирогч М болон хамт ээлжинд гарч байсан ажилтан нарын хэнийг нь ч эдгээр зүйлсээр хангаагүй байсан.

    Зориулалтын тоног төхөөрөмж гэдэг нь сунадаг шаттай машин байж таарна. “ХҮННҮ ЭЙР”-ийн ажилчид онгоцонд катеринг хийдэг машин дээр нэгнээ хөлдөж гаргах, доороос нь тосож буулган онгоцыг хучдаг байсан. Осол гарснаас хойш  долоо хоногийн дараа холбогдох байгууллагаас тус компанид хийсэн шалгалтад зориулан каск, хамгаалалтын бүс зэргийг худалдаж аван, зориулалтын машиныг ИНЕГ-ын автобаазаас түрээсээр аваад урьдчилан бэлдчихсэн.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сарын 30-нд гаргасан актад “ХҮННҮ ЭЙР”-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн утга бүхий дүгнэлтийг үйлджээ. Харин МХЕГ-аас дээрх дүгнэлтийг залруулж “Үйлдвэрийн осол гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл нь зориулалтын бус тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл ашиглаагүйгээс унаж гэмтсэн” байна гэдгийг тогтоосон.Хэрэв ар гэрийнхэн нь хэл ам хийж тэмцээгүй байсан бол хохирогчийг буруутгаад өнгөрөх байсан нь баримтаар нотлогдож байна.

    Өнгөрсөн даваа гаригт хохирогчийн ар гэрийн төлөөлөл авга ах Д.Совд хэвлэлд хандсан. Энэ үеэр өөрийнх нь дүү шиг хөдөлмөр аюулгүй байдал мөрдөөгүйн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэрийнхнийг нэгдэж, Өргөдлийн байнгын хороонд хандахыг хүссэн.

    Учир нь, дүүгийнхээ асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандахад “нэг хүний асуудлыг авч хэлэлцэх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой уулзах үеэр асуудлаа тавихыг хүссэн ч уулзаж чадаагүй байна. Харин  ЦEГ-ын дарга С.Баатаржав, дэд дарга хурандаа Болд нартай  уулзаж өргөдөл гомдлоо танилцуулахад  хэргийг  шалгах ажлыг эрчимжүүлж, хариуцаж байгаа холбогдох хүмүүстээ үүрэг өгөхөөр болжээ.

    Баримт 3: “Таван орд” ХХК-д ажиллаж байсан 22 настай залуу өндрөөс унаж нас баржээ

    Бид энэ хэргийн талаар мэдээгүй, сонсоогүй. Ар гэрийнхэн ч хэргийг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэж хэл ам хийж тэмцэлгүй явсаар таван сар болжээ. Гэвч үр дүн нь  ослын акт, дүгнэлт амь насаа алдсан 22 настай залуугийн буруу болж гарсан. Талийгч Х нь “Таван орд” ХХК-нд ажилладаг байсан 22-хон настай залуу байв. “АПУ ХХК”-ийн агуулах дээр ажиллаж байхдаа хөдөлмөр хамгааллын хэрэгсэлгүйгээр ажиллаж байгаад  амь насаа алдсан байхад хохирогчийг буруутгасан. Талийгаачийн ах Н.Амар  “ХҮННҮ ЭЙР”-ийн хохирогчийн авга ах Д.Совдын хэвлэлийн хурлыг үзээд түүнтэй нэгдэж, гомдлоо шийдвэрлүүлэхээр Өргөдлийн байнгын хороонд хандахаар болсон байна.

    Ар гэрийнхэн нь тэмцэл хийсний үр дүнд олон нийтийн анхааралд орсон хоёр, гуравхан баримтыг өгүүлэхэд ийм байна. Цаана нь бидний мэдээгүй хэчнээн иргэн ам нас, эрүүл мэндээрээ хохирч үлдсэнийг таашгүй. Зарим нь тохиролцоод тав арван төгрөг аваад чимээгүй өнгөрдөг бол цөөн хэсэг нь хөлийнхөө тавхайг эргэтэл, цөхөртөл цагдаа, шүүхийн хаалгыг татсаар хэдэн сар жил болох нь энүүхэнд. Гэвч үр дүн нь мөнгөтэй компанийн зөв болж амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлдсэн иргэдийн буруу болоод үлддэг тогтолцоо Монголд тогтсон нь үнэн. Ерөнхий сайд Б.Болороотой уулзах үеэрээ хэлсэн, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцож, хэргийг үнэн зөв шударгаар шийдэхэд анхаарч ажиллавал ард нь үлдсэн ар гэрийнхний гомдол тайлагдах нь лавтай.

    Эдгээр компаниуд өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдэж, ядаж уучлалт ч гуйхгүй байгаа. Хийсэн гэмээ хууль, шүүхийн байгууллагаар аргалуулж, эсвэл аргалуулах гэж байна хэмээн хохирогсодын ар гэрийнхэн мэдэгдэж байгаа. Хамгийн тодорхой нь аль аль нь хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааг хангаагүй байсан. Үүнийхээ төлөө ядаж уучлалт гуйх ёстой. Гэвч эцсээ хүртэл гүрийсээр байгаа нь эмгэнэлтэй юм.

    “Хишиг арвин”, “Хүннү Эйр” компаниуд  үхэгсэдийн ясыг өндөлзүүлж, үлдэгсэдийн сэтгэлийг сэмлэсээр байх уу?

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ