Ерөнхий сайд бие даан танхимаа бүрдүүлдэг болох заалтыг дэмжжээ

2019-11-12

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш хуралджээ.

Уг ажлын хэсгийг УИХ-ын  гишүүн Ө.Энхтүвшин ахалж,  Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат  нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад ажлын хэсгийн хуралдаанд оролцсон есөн  гишүүн санал нэгтэй дэмжсэн байна. Тухайлбал,  “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг төсөлд заалт болгож оруулахаар болсон байна. Ингэснээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж ажиллах эрхтэй болох юм. Одоо бол УИХ-ын гишүүд,тухайн намын бүлэглэл фракцуудын төлөөллөөс Засгийн газрын танхим бүрдэж байгаа нь нэг засагт хэд хэдэн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд ажиллаж байгаа мэт нөхцөл байдлыг бий болгож байгаа нь нууц биш.

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг болсноор хариуцлага тодорхой болохоос авахуулаад олон давуу талтай билээ.

Мөн төсөлд  УИХ-ын  сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулахаар төсөлд тусгахыг дэмжжээ. Хэрвээ энэ заалт орвол сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн үг юм. Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь олон намын тогтолцоог болон намуудын төлөвшил, эмэгтэйчүүд, залуучуудыг улстөрийн шийдвэр гаргах түвшинд очихыг тодорхой хэмжээгээр дэмждэг тогтолцоо юм. Click To Tweet

Эдгээр саналыг Үндсэн хуульд оруулахыг  Ерөнхийлөгч болон Ардчилсан нам дэмжиж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ